Баянхонгор аймгийн мал эмнэлгийн газар лабораторийн барилга нь актлагдаж ашиглах боломжгүй болсон учраас монгол гэрт үйл ажиллагаагаа явуулж байна. Тодруулбал, Баянхонгор аймгийн мал эмнэлгийн газрын лабораторийн барилга 1960 онд анх ашиглалтанд орж байжээ. 2015 оноос эхлэн барилгын чанар, стандарт муудаж үйл ажиллагаа явуулах боломжгүй гэсэн шат дараалсан улсын байцаагчийн дүгнэлт гарч байсан. 2025 оны 01 сарын 25-ны төрийн өмчийн тогтоолоор тухайн барилгыг цаашид ашиглах боломжгүй дүгнэлтээр акталсан.
Гэвч өнөөдрийг хүртэл шинээр барих лабораторийн барилгын төсөв шийдэгдээгүй хэвээр байна. Тиймээс аймгийн мал эмнэлгийн газрын үйл ажиллагааг тасалдуулахгүйн тулд монгол гэрт мал эмнэлгийн ажилчид нь ажлаа хийж байгаа юм. Учир нь 4,7 сая толгой мал, 9000 гаруй ард иргэдийнхээ хүнсний аюулгүй байдлын төлөө тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна.





