• Нүүр
  • Мэдээний өрөө
  • Х.Нямбаатар: Нийслэлийн намын хороо маргааш хуралдаж, нэр дэвшигчийг тодруулна

Х.Нямбаатар: Нийслэлийн намын хороо маргааш хуралдаж, нэр дэвшигчийг тодруулна

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын (ЗГХЭГ) дарга Б.Энхбаяр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай захирамж, шийдвэрийг танилцуулсантай холбоотойгоор хотын удирдлагын дараагийн томилгооны асуудал олны анхаарлын төвд орлоо. 

Тэрээр хэлэхдээ, намын үндсэн дүрмийн зохицуулалтын дагуу хамгийн түрүүнд Нийслэлийн Намын хорооны хурлыг хуралдуулж, Засаг даргад нэр дэвшигчийг дотроосоо тодруулдаг журамтайг тодотгов. Ийнхүү намын хорооноос тодорсон нэр дэвшигчийг намын Удирдах зөвлөлтэй зөвшилцсөний үндсэн дээр Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд буюу НИТХ-д өргөн барьдаг байна. Улмаар НИТХ-аар тухайн нэр дэвшигчийг хэлэлцэж дэмжсэн тохиолдолд Монгол Улсын Ерөнхий сайд батламжлан, захирамж гаргаснаар дараагийн Хотын дарга албан ёсоор үүрэгт ажилдаа ордог хуулийн дараалалтай гэв.

Мөн Х.Нямбаатар хуулийн энэхүү зохицуулалтыг улам нарийвчлан тайлбарлахдаа, Ерөнхий сайд эхний удаад нэр дэвшигчээс татгалзах эрхтэй байдаг ч хэрэв НИТХ-аас хоёр дахь удаагаа ижил нэр дэвшигчийг оруулж ирвэл хуулийн дагуу автоматаар томилогддог зохицуулалттайг онцолсон юм. Сэтгүүлчдийн зүгээс дараагийн Хотын даргад нэр дэвшигч яг хэзээ тодорхой болохыг тодруулахад тэрээр, "Нийслэлийн намын хорооны хурал маргааш хуралдаж, нэр дэвшигчийг албан ёсоор тодруулна" хэмээн хариуллаа.