• Нүүр
  • Мэдээний өрөө
  • Монголд л тохиож болох шинэ төрлийн "ер бусын үзэгдэл" бол НИТХ-ын төлөөлөгч хүн 200 тэрбумын тендерт өөрөө ч мэдэлгүй шалгарчихдаг явдал...

Монголд л тохиож болох шинэ төрлийн "ер бусын үзэгдэл" бол НИТХ-ын төлөөлөгч хүн 200 тэрбумын тендерт өөрөө ч мэдэлгүй шалгарчихдаг явдал...

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (НИТХ) гэдэг уг нь нийслэлийн иргэдийн эрх ашгийг хамгаалах газар. Гэтэл зарим төлөөлөгчдийн хувьд энэ нь "өөрийн ч мэдэлгүй" баяжих, бүр 200 тэрбумын тендерт "санамсаргүй" шалгарах алтан боломж болж хувирдаг бололтой. Энэхүү сонирхолтой түүхийн гол дүр нь төлөөлөгч Б.Сэргэлэнбаатар. 

"Хорин минут"-ын хот уу, "Хорин тэрбум"-ын ашиг уу?

Нийслэлчүүдийн түгжрэлийг бууруулж, амьдрах орчныг сайжруулах зорилготой “Сэлбэ хорин минутын хот” төсөл нэг л биш ээ. Тодруулбал, Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хорооллын тендерт “Професионалстрой” ХХК шалгарсан нь АТГ-ын хараанд өртөв.

Хамгийн сонирхолтой нь, энэ компанийн 30 хувийг НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатар өөрөө эзэмшдэг бол үлдсэн 70 хувь нь Ш.Мөнхсайхан гэх эрхмийнх. Төлөөлөгч маань өөрөө төсвийг нь батлалцаж, бодлогыг нь тодорхойлдог Нийслэлийнхээ тендерт өөрийнхөө компаниар “дайрч орсон” нь ёс зүй гэхээсээ илүү “гэмт хэргийн шинжтэй” болж хувирав.

Прокурорын зөвшөөрлөөр түүнийг болон бизнесийн хамтрагч Ш.Мөнхсайхан нарыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.5-д заасны дагуу 48 цагаар баривчлан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид саатуулжээ.

Б.Сэргэлэнбаатар төлөөлөгч өөрийнхөө компанийн 30 хувийг эзэмшдэг атлаа "Мэдээгүй" гэж хэлсэн нь манай улстөрчдийн дунд дэлгэрсэн "Түр зуурын мартамхай өвчин"-ий хүнд хэлбэр гэлтэй.

200 тэрбумын төсөвтэй тендерт компани нь оролцож байхад мэдээгүй байна гэдэг нь юу гэсэн үг вэ? Эсвэл тэрээр нийслэлийн иргэдийг "200 тэрбум төгрөгийг анзаардаггүй тийм баян" гэж бодсон юм болов уу?

 Б.Сэргэлэнбаатар төлөөлөгч өө, таны "мэдээгүй" явсан 200 тэрбум одоо АТГ-ын мөрдөн байцаагчдын ширээн дээр "мэдэгдэхүйц" том хавтаст хэрэг болоод хэвтэж байна. Иргэдийн төлөөлөгч гэдэг нь иргэдийнхээ халаасыг тэмтрэх биш, харин тэр халаасанд орох байсан сургууль, цэцэрлэгийн мөнгийг хамгаалахыг хэлдэг юм шүү.