Хөл хөдөлгөөн ихтэй хотын гудамжинд өнгө өнгийн цэцэгс алаглаж, хажуугаар нь зөрөх хүмүүст дулаахан уур амьсгал бэлэглэнэ. Бид энэ удаа цагаан өнгийн жижиг ачааны машинаа хувийн цэцгийн мухлаг болгон тохижуулж, хотын гудамжинд өнгө нэмж яваа нэгэн залууг онцолж байна. Түүнийг Бобби гэдэг, өдгөө 25 настай.
Бобби анх гуравдугаар сарын 6-ны өдөр, Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн өмнөхөн энэхүү цэцгийн бизнесээ эхлүүлжээ. Түүнд анхнаасаа л хүмүүст гоё зүйлээр үйлчлэх, баяр баясгалан бэлэглэх сэн гэсэн хүсэл байв. Гэвч бүх зүйл санаснаар амар байгаагүй нь мэдээж. Анхны хөрөнгө оруулалт болох санхүүгийн асуудлаа шийдэхийн тулд тэрээр хүнээс мөнгө зээлж, эрсдэлтэй алхам хийсэн байна.
Түүнд өөрийн гэсэн машин байгаагүй тул ахаасаа "хэд хоног машин зээлээч" хэмээн гуйж, цэцэг зарах машинаа хайж эхэлжээ. Улмаар орой нь очиж уулзан, машинаа авахаар тохироход түүнийг арай өөр, ретро загвартай машин угтсан байна. Тэрхүү машиныг хараад Бобби "Өө, яг болох юм байна" хэмээн урамшиж, шөнөжин угааж цэвэрлэн, чимэглэж бэлджээ.

"Pop-up" соёл ба Цэцэгчин Боббигийн онцлог
Цэцэг бүхэн өөрийн гэсэн хэлэмжтэй тул Бобби баглаагаа бэлтгэхдээ өнгөний зохицол (color palette) болон хэмжээний харьцаанд онцгой ач холбогдол өгдөг. Тиймдээ ч түүний гараас гарсан баглаа бүр дахин давтагдашгүй өнгө төрх, нарийн мэдрэмжийг өөртөө шингээсэн байдаг. Тэрээр өөрийнхөө ажлын зорилгыг "Надаар үйлчлүүлж буй хүмүүс ирэхдээ ямар ч ааш зантай байсан хамаагүй, цэцгээ аваад буцахдаа заавал инээмсэглэл тодруулж, сэтгэлдээ дулаахан уур амьсгал тээн гараасай гэж хүсдэг" хэмээн чин сэтгэлээсээ хуваалцсан юм.
Түүний явуулын мухлагт иргэдийн хамгийн их сонгон авдаг, 40,000-50,000 төгрөгийн үнэтэй дундаж хэмжээний баглаанууд болон арай хямд, боломжийн үнэтэй цэцэгс ч бий. Түүнчлэн баглаа боодлынхоо үнээс хамаарч иргэдэд уян хатан сонголтуудыг санал болгодог байна.
Түүний бизнесийн гол онцлог нь "Pop-up" буюу нэг газарт удаан байрлахгүй, машин тул байршлаа байнга сольж, өдөр бүр шинэ хүмүүст хүрдэгт оршино. Нэг өдөр байсан газраа маргааш нь байхгүй байх нь энэхүү явуулын мухлагийн хамгийн сонирхолтой хэсэг гэв.
Тулгардаг бэрхшээл ба цаашдын хүсэл
Гадаа задгай талбайд, явуулын машинаар цэцэг зарах нь өөрийн гэсэн бэрхшээлтэй. Хамгийн гол асуудал нь цэцэг хадгалах горим алдагдах эрсдэл байдаг. Цэцэг бол амьд, нарийн арчилгаа шаарддаг ургамал тул цаг агаарын байдлаас шалтгаалан өнгө үзэмж нь хувирах гээд байдаг талтай. Тиймээс Бобби аль болох хадгалалт даах чадвартай, тэсвэртэй цэцгүүдийг сонгон авч, цаг агаартаа тохируулан усалж арчилдаг байна. Өмнө нь тэрээр бусдад цэцэг өгөх, бэлэглэх дуртай залуу байсан бол өнөөдөр цэцгийн тухай мэдлэг, мэдрэмж нь улам тэлж, мэргэжлийн "флорист" (florist) болон хөгжиж байна.
Гудамжаар зөрөх хүмүүст өнгө нэмж, амьдралд нь багахан ч гэсэн баяр баяслыг бэлэглэж буй Цэцэгчин Боббигийн "Bobi's Pop-up" мухлагаар зочлоорой. Энд таныг зөвхөн цэцэг биш, найрсаг дулаан уур амьсгал угтах болно.






