Нийслэл хотын зам тээврийн түгжрэлийг бууруулах зорилгоор хэрэгжүүлж буй "1-р тойрог зам" төсөлтэй холбоотой асуудалд хууль хяналтын байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг эрчимжүүлээд байна.
Уг асуудалд нээсэн хэрэг бүртгэлтийн хэргийг Нийслэлийн Прокурорын газраас тогтоосон харьяалалын дагуу 2026 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Цагдаагийн байгууллагаас Авлигатай тэмцэх газарт (АТГ) шилжүүлэн ирүүлжээ. Ингэснээр авлига, албан тушаалын гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй үндэслэлээр АТГ-т мөрдөн шалгах ажиллагаа албан ёсоор эхэлсэн байна.
Яллагдагчаар татсан үндэслэл
Тухайн хэрэгт холбогдуулан Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дэх хэсэгт (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах) заасан үндэслэлээр яллагдагчаар татжээ.





