УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин өнөөдрийн /2026.05.21/ УИХ-ын Нэгдсэн хуралдаанаар зочин танилцуулдаг байдлыг шүүмжиллээ.
Тэрээр "УИХ-ын танхимтай танилцахаар ирсэн зочдоор алга ташуулах бол үндсэндээ УИХ-ын гишүүдийн шоу болж байна. Хэн орон нутгаас олон зочин авч ирж, Төрийн ордонтой танилцуулснаар сайн Парламентийн гишүүн болох нь байна шүү дээ. Гэтэл дэлхийд тогтсон Парламентад ёсны жишгээр бол иргэд хэн нэгнээс зөвшөөрөл аваад, хэн нэгний урилгаар Парламентын ордонд ордог биш, дуртай үедээ аюулгүй байдлын хяналтад шалгуулаад л ордог. Ингэж иргэд УИХ хэрхэн, яаж ажилладаг вэ гэдгийг хардаг тогтолцоотой. Гэтэл манай улсад гишүүд нь урьсан тохиолдолд л ордон ордог, зөвшөөрөл авдаг. Иргэний хяналтыг даргын зөвшөөрөл болгож болохгүй. Энэ нь үзэл санааны хувьд ч таарахгүй зүйл.
Бид шаардлага тавиад мониторинг хийлгэх гэж байна. Тус мониторинг нь УИХ-ын үйл ажиллагааны хэдэн хувийг зочин танилцуулахад зарж байна вэ. Үүнийг ашиглаад УИХ-ын дарга хэдэн хувьд нь үг хэлээд байгаа вэ гэдгийг харах юм. Гишүүд 4 минут үг хэлэх байхад түүнээс нь хүртэл хумсалж байна шүү дээ.
Ялангуяа мэтгэлцээний цаг буюу Парламентын асуулгын цагт байр сууриа илэрхийлж, бодлогоор мэтгэлцэж байхад "За байж байгаарай, зочин танилцуулъя" гэх зэргээр хүчийг сааруулдаг. Мэтгэлцээн явагдаж байхад гуравдагч этгээд ерөөсөө орж ирж болохгүй. Ерөнхий сайд болон цөөнхийн лидер хоёр хоорондоо үзэл бодол, байр суурь, бодлогоороо мэтгэлцэж иргэдэд мэдээлэл өгөх гэж байхад мэтгэлцээний хүчийг сулруулж, цагийг хумсалдаг. Мэтгэлцээн 2 цаг болно гэж байхад 20 минутад алга ташуулаад, баяр хүргүүлж байгаа нь тэр цагаас хулгайлж байгаа хулгай гэсэн үг.
Гишүүд татвар төлөгчдийн мөнгөөр энд хуралдаж байгаа цаг хугацаагаа улс орныхоо хувь заяаг шийдэхэд зориулах ёстой" хэмээв.





