Цагаан ордны зууван танхимд ӨАБНУ-ын Ерөнхийлөгч Сирил Рамафосаг хүлээн авч уулзах үеэрээ Дональд Трамп тус улсад цагаан арьст фермерүүдийн эрх ноцтойгоор зөрчигдөж буйг харуулсан баримт бичлэг үзүүлжээ. Өмнөд Африкт цагаан арьстай газар тариаланчдыг хавчин гадуурхаж улмаар амь насанд нь халдан эзэмшил нутгийг нь хүчээр авч байна хэмээн шүүмжилсний хариуд Рамафоса хоёр орны харилцааг сэргээх зорилгоор ирсэн гэдгээ тайлбарлаж энэ талаар тайван ярилцахыг санал болгов.
Олон арван жил Өмнөд Африкийг захирч байсан Нидерландын колоничлогчдын үр удам өдгөө нутгийн иргэдийн хавчлаг дарамтад өртөх болсон. "Цагаан геноцид" хэмээн нэрлэдэг аллага хүчирхийллийн тухай баримтыг Өмнөд Африкийн эрх баригчдын зүгээс няцаадаг ч Трамп цагаан арьстай Өмнөд Африкийн иргэн бусдын гарт амь үрэгдсэн тухай цөөнгүй баримт, видео бичлэг үзүүлжээ.
Рамафоса яриаг зөөллөхөөр оролдож "Асуудал тулгарах бүрд хүмүүс ширээний ард суугаад ярилцах хэрэгтэй гэдгийг Нельсон Мандела бидэнд сургасан. Энэ бол бидний бас ярихыг хүсдэг сэдэв" хэмээн учирлаж суув.
АНУ, Өмнөд Африкийн харилцаа 1994 онд апартейд дэглэм төгссөнөөс хойш хамгийн доод цэгтээ хүрчээ. Олон улсын шүүхээр Газын зурваст геноцид хийсэн Израилийг буруутгасан Өмнөд Африкийн саналыг АНУ буруушааж, тусламжийг бууруулсны зэрэгцээ 31 хувийн тарифын татвар тогтоосон юм. Трамп мөн Америкийг дахин агуу болгох хөдөлгөөнийг нь шүүмжилсэн Өмнөд Африкийн элчин сайдыг нутаг буцаасан билээ.
Гэхдээ хамгийн том маргаан тарьсан зүйл бол цагаан арьст цөөнхийн засаглалын түүхэн тэгш бус байдлыг арилгах зорилготой Өмнөд Африкийн газар өмчлөх тухай хууль юм.