• Нүүр
  • Мэдээний өрөө
  • Н.Батжин: Инфляци 10,1 хувьтай гарахад махны үнэ, шатахууны үнэ голлох нөлөө үзүүлж байна

Н.Батжин: Инфляци 10,1 хувьтай гарахад махны үнэ, шатахууны үнэ голлох нөлөө үзүүлж байна

Энэ оны 4-р сарын инфляци 10,1 хувьтай гарлаа. Өнгөрсөн сард 7,4 хувьтай байсан бол энэ сард ийнхүү 2,7 нэгж хувиар өсөөд байна. Энэ талаар Монголбанкны Стратеги төлөвлөлтийн албаны ахлах эдийн засагч Н.Батжингаас тодрууллаа.

-  Энэ сарын инфляци 10,1 хувьтай гарлаа. Үүнд ямар хүчин зүйлс нөлөөлсөн бэ?

- Дөрөвдүгээр сарын инфляцын түвшин 10.1%-тай гарлаа. Энэ нь хоёр шалтгаантай байна. Нэг талаас дотоод хүчин зүйл, нөгөө талаас гадаад хүчин зүйл үүнд нөлөөлж байна. Үүнийг задалж харвал дотоод хүчин зүйлд Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал хамаарч байна. Гадаад импортын хүнснүүд, цаашлаад дотоодын мах болон хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт сүүлийн нэг жилийн хугацаанд улирлын өөрчлөлтөөс илүү хурдтайгаар өссөн.

Тухайлбал, Махны үнэ сүүлийн нэг жилд 37.5%-ийн өсөлттэй байна. Олон жилийн дунджаар 5 дугаар сараас махны үнэ харьцангуй сулардаг боловч өнгөрсөн жилээс энэ өөрчлөлт ажиглагдаагүй, харин ч эсрэгээрээ өссөн. Түүнчлэн бусад хүнс буюу төмс, лууван, сонгино зэрэг хүнсний ногооны үнэ өндөр өсөж, инфляцад 13%-ийн өөрчлөлт үзүүлж байна.

Нөгөө талаас гадаад хүчин зүйлийг харвал шатахууны үнэ нөлөөлсөн. Тодруулбал, Ойрх Дорнод дахь асуудлууд болон Украин-Оросын мөргөлдөөний шок нөлөөлж байна. Энэ нь инфляцад 16.5%-ийн өөрчлөлт авчирсан. Шатахууны үнийн өсөлт нь тээвэр болон бусад үйлчилгээний бүтээгдэхүүний үнээр дамжин инфляцад шууд болон шууд бусаар нөлөөлж байна.

- Монголбанкны зүгээс энэ нөхцөл байдлыг тооцоолсон байсан уу?

-Тийм ээ, Бид ийм нөхцөл байдал үүсэхийг урьдчилан тооцоолсон бөгөөд Монголбанкнаас инфляц, мөнгөний бодлогыг хэрэгжүүлэхдээ үнийн тогтвортой байдлын хүрээнд дунд хугацаанд чиглэж ажиллаж байгаа. Үүнд

Мөнгөний бодлогын арга хэмжээ авсан бөгөөд энэ оны нэгдүгээр сард Мөнгөний бодлогын хорооны эхний хурлаар заавал байлгах нөөцийн хэмжээг төгрөгийнхөд 14%, гадаад валютынхад 18% болгож, тус бүр 1%-иар нэмэгдүүлсэн. Улмаар гуравдугаар сард Бодлогын хүүг 12%-д хэвээр хадгалах шийдвэр гаргасан. Эдийн засагчид болон зах зээлийн хүлээлт янз бүр байсан ч ирээдүйд үүсэж болзошгүй шок (шатахуун, экспортын хязгаарлалт гэх мэт) болон тодорхойгүй байдлаас сэргийлж бодлогын хүүг 12%-д барих нь зүйтэй гэж үзсэн.

- Өнгөрсөн намар махны үнэ буух үед шатахуун тасалдсанаас нийлүүлэлтэд асуудал үүсэж махны үнэ буугаагүй гэж ойлгож болох уу?

- Тийм ээ, Монгол Улс махны маш өндөр хэрэглээтэй. Намрын улиралд орон нутгаас мах орж ирж нийлүүлэлт нэмэгддэг ч өнгөрсөн жил зарим ойлголтын зөрүү үүсэж, үнийн ил тод байдал буурсан. Богино хугацаанд үнийг барьж байгаа мэт байсан ч зудын нөлөөгөөр нийлүүлэлт буурсан, гадагшаа гарч байгаа мах болон хэрэглээний өсөлт зэрэг хүчин зүйлсээс шалтгаалан махны үнэ 37.5%-иар өсөөд байна.