• Нүүр
  • Мэдээний өрөө
  • ХОТЫН СОЁЛД ӨНГӨ НЭМЭХҮЙ: МУБИС-ийн нүхэн гарцыг залуус өөрсдийн хүчээр тохижуулж байна

ХОТЫН СОЁЛД ӨНГӨ НЭМЭХҮЙ: МУБИС-ийн нүхэн гарцыг залуус өөрсдийн хүчээр тохижуулж байна

МУБИС-ийн автобусны буудлын нүхэн гарцыг 350 гаруй оюутан, залуус нэгдэн цэвэрлэж, хотын соёлд шинэ өнгө төрх нэмэх ажлыг эхлүүлжээ. Орхигдож, заваарсан олон нийтийн орон зайг сайн дурын үндсэн дээр өөрчилж чадна гэдгийг харуулж буй уг төслийг санаачлагч, зохион байгуулагч А.Ням-Одтой ярилцлаа.

"Гурван цагийг зөвхөн ханан дээрх наалтыг хуулахад зарцуулсан"

- Сайн байна уу. Юун түрүүнд манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу. Энэхүү ажлыг хэзээнээс, хэрхэн эхлүүлэв?

Сайн байна уу. Намайг А.Ням-Од гэдэг, эрх зүйч мэргэжилтэй. Их сургуулиа төгсөөд жил орчим болж байна. Бид энэ ажлыг эхлүүлэхээс өмнө бэлтгэл хангаж, залуусын дунд судалгаа, бүртгэл явуулахад 500 орчим хүн нэгдэхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн. Үүний дагуу тавдугаар сарын 9-ний өдрийн 11:00 цагт 350 гаруй залуус цугларч, нүхэн гарцыг цэвэрлэх ажлаа албан ёсоор эхлүүлсэн юм.

Хамгийн түрүүнд ханан дээрх ёс бус үг хэллэг, хаа сайгүй наасан зар сурталчилгааг арилгах шаардлагатай байлаа. Зөвхөн хананы цавуутай наалтуудыг салгаж цэвэрлэхэд л гурван цаг зарцуулсан. Залуус маань гэр гэрээсээ цэвэрлэгээний саван, бээлий, алчуураа авчирсан бөгөөд тэнд үйлчилгээ эрхэлдэг ах, эгч нарын хувинг ашиглаж, ойролцоох "GS25", "CU" сүлжээ дэлгүүрээс ус зөөж цэвэрлэгээгээ хийсэн. Нэгдэх сэтгэл байвал юуг ч өөрчилж болдгийг энэ ажил харуулж байна.

- Сайн дурын ажил хийхэд дэмжлэгээс гадна шүүмжлэл ч бас дагадгаас зайлсхийх аргагүй байх. Иргэдийн зүгээс ямар хандлага илэрхийлж байна вэ?

Тийм ээ, шүүмжлэлтэй хандаж байгаа хүмүүс бий. Зарим нь "Залуучуудыг ашиглаж, татвар төлөгчдийн мөнгийг үргүй зарцуулж байна" гэх мэт өрөөсгөл ойлголттой байх шиг байна. Гэвч энэ төсөл бол цэвэр сайн дурын үндсэн дээр, хувийн хэвшлийн тусламжтайгаар залуус өөрсдөө хийж чаддаг гэдгийг харуулах зорилготой. Нүхэн гарцын хяналтын камер, тог цахилгааны шийдэл, будаг гээд шаардлагатай материалууд дээр "MCS", "Burger King" зэрэг үндэсний томоохон компаниуд болон хувь хүмүүс нийгмийн хариуцлагын хүрээнд маш том дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж байна.

- Төслийн явц одоо ямар шатандаа явж байна вэ? Албаны байгууллагуудаас зөвшөөрөл, дэмжлэг авч чадсан уу?

Бид Сүхбаатар дүүргийн Засаг дарга М.Алтангэрэл болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд (УБХЗАА) хүсэлт, өргөдлөө албан ёсоор өгч, зөвшөөрөл авсан. Уг төслийг бүрэн хэрэгжүүлэх, цаашид тогтвортой авч явахаар жилийн хугацаатай төлөвлөөд байна. Хамгийн бахархууштай нь, манай төсөлд 12-оос 36 насны маш өргөн хүрээний залуус, өсвөр үеийнхэн идэвхтэй хамрагдаж байгаа явдал юм.

- Нүхэн гарцанд худалдаа, үйлчилгээ эрхэлдэг хүмүүс хэрхэн хүлээж авсан бэ? Ажилд нь саад болж байна гэж дургүйцэх тохиолдол гарсан уу?

Бүгдээрээ маш эергээр хүлээж авч, биднийг дэмжсэн. Худалдаа эрхлэгчид нийслэлд түрээсээ төлөөд, хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүс. Амралтын өдрүүдээр биднийг ажиллах залуу засаж, тохижуулахад зориулж зай талбайгаа чөлөөлж өгөх зэргээр сэтгэл гаргаж хамтарсан.


"Б.Ренчин, Д.Нацагдорж, Р.Чойном гуайн шүлгийг монгол бичгээр мөнхөлнө"

- МУБИС-ийн нүхэн гарц цаашид ямар өнгө төрхтэй болох вэ? Олон нийтийн сүлжээнд хүлээлт өндөр байгаа харагдсан.

Өмнө нь энэ нүхэн гарцаар явахад муухай үнэртэй, гэрэлтүүлэг муутай учраас харанхуйд явахад айдастай байдаг тухай иргэд цахим сүлжээнд маш их бичдэг байсан. Засаж янзалбал сайхан орон зай болно гэсэн хүлээлт хүмүүст байсан нь бидний ажлаас харагдаж байна.

Бид энэхүү нүхэн гарцын ханан дээр Монголын нэрт яруу найрагч Б.Ренчин, Д.Нацагдорж, Р.Чойном гуайн сор болсон шүлгүүдийг босоо монгол бичгээр бичиж байршуулахаар ажиллаж байна. Энэ нь манай үндэсний соёлын өв, дархлааг залууст сануулаад зогсохгүй хотын өнгө үзэмжид томоохон хувь нэмэр оруулна. МУБИС-ийн энэ хэсэг бол Улаанбаатарт ирж буй жуулчид хамгийн их зорчдог газрын нэг. Тиймээс жуулчид ирээд зургаа даруулдаг, цахим хуудсандаа байршуулж бахархдаг хотын нэгэн гоё урсгал, соёлын хэсэг болгохыг зорьж байна.


"Залуусыг шүүмжлэх биш, дэмжвэл илүү их үр дүн гарна"

- Энэхүү ажлыг харж суугаа залуучуудад болон нийслэлийн иргэдэд хандан юу гэж уриалмаар байна вэ?

Энэ төсөл бол хэн бүхэнд нээлттэй. Нийгмийн хариуцлагын хүрээнд хувийн хэвшлийнхэн, сайн дурын ажил хийх хүсэлтэй залуус, тэр байтугай гэр бүлээрээ ч ирээд оролцох боломжтой. Хамгийн гол нь, залуучуудын маань сэтгэл, хөлсөө дуproperty гарган хийсэн энэ ажлыг хүндэлж, цаашид битгий завааруулаасай, хайрлаж хамгаалаасай гэж уриалмаар байна.

- Сайн дурын багийнхны цаашдын алсын хараа, зорилго юу вэ?

Бид Монголд сайн дурын ажлын соёлыг дараагийн түвшинд гаргахыг зорьж байна. Аливаа зүйлийг төр засаг эсвэл хэн нэгнийг хүлээж суулгүйгээр, иргэд өөрсдөө санаачлаад хийж болдгийг харуулах нь чухал байна. Бидний зорилго бол монголчуудыг эвтэй байлгаж, иргэний оролцоог нэмэгдүүлэх явдал юм.

Сүүлийн үед залуусыг "эмо", "залхуу" болсон гэх мэдээлэл цахим орчинд маш их харагдах болж. Гэвч тухайн улс орны хөгжил дэвшил, бүтээн байгуулалтыг дандаа л залуу үе нь нуруундаа үүрч ирсэн түүхтэй. Тиймээс залуучуудыг зүгээр л шүүмжлээд суух биш, тэднийг жаахан ч гэсэн дэмжээд өгвөл маш их үр дүнтэй, бүтээлч ажил хийж чаддаг гэдгийг дахин хэлмээр байна.

- Ярилцсанд баярлалаа. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

Баярлалаа.