Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар инфляцын нөхцөл байдалтай холбогдуулан авах хариу арга хэмжээний тухай тогтоолыг баталлаа. Тус тогтоолоор зөвхөн өнөөдрийн нөөцийн махны хэмжээнд хүрээд зогсохгүй, цаашид махны нийлүүлэлтийг хэрхэн тогтворжуулах, хүртээмжийг яаж нэмэгдүүлэх вэ гэдэгт чиглэсэн хэд хэдэн чухал шийдвэрүүд гарсан байна.
Хуралдаанаар нөөцийн махны хүртээмж, түгээлтийг нэмэгдүүлэх асуудлыг голчлон хэлэлцжээ. Ингэхдээ 2025 онд гэрээ байгуулахдаа тогтоосон үнэ буюу:
-
Хонины мах: 13,000 төгрөг
-
Үхрийн мах: 15,000 төгрөгөөс хэтрүүлэхгүй барихаар шийдвэрлэв.
Мөн өмнөх борлуулалтын явцад гарсан алдаа дутагдлуудыг засаж, сайжруулахаар тусгасан байна. Үүнд, нэг хүнд их хэмжээгээр олгохгүй байх, И-баримт шивэхгүй байгаа асуудлуудыг цэгцлэх юм. Хэрэв И-баримтгүйгээр борлуулсан мах байвал түүнийг эргүүлж нөхөн, нөөцийн махны хангалт руу оруулахаар болжээ. Учир нь өнгөрсөн хугацаанд борлуулагдсан махны багагүй хувь нь И-баримтгүй олгогдсон нь шалгалтаар тогтоогдсон байна.
Түгээлтийг есөн аж ахуйн нэгжээр дамжуулан зохион байгуулна
Одоогийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд 1,400 орчим тонн мах нэр бүхий есөн аж ахуйн нэгжид хадгалагдаж байна. Эдгээр махыг гэрээний дагуу савлан, дэлгүүрүүдэд хүргэх ажлыг ХХААХҮЯ, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Мал эмнэлгийн ерөнхий газар хамтран зохион байгуулж эхэллээ.
Маргааш өглөөнөөс эхлэн аж ахуйн нэгжүүд өөрсдийн найдвартай харилцагч гэж үзэж буй бөөний сүлжээ дэлгүүрүүд болон тодорхой байршил, цэгүүдээр дамжуулан түгээлтээ хийх юм.
Нөөцийн махыг худалдаалах хугацааг өмнө нь 6 дугаар сарын 15-ныг хүртэл байхаар тогтоосон байсныг 7 дугаар сарын 1-нийг хүртэл буюу 15 хоногоор сунгалаа. Үүнээс гадна зах зээлд нийлүүлэгдэж буй нойтон махыг түгээлтэд татан оролцуулах ажлыг зохион байгуулахаар болсон байна. Энэхүү ажлын хүрээнд Татварын ерөнхий газар болон ШӨХТГ-аас хатуу хяналт тавьж ажиллахыг үүрэг болгов.
Засгийн газраас цаашид төв суурин газрын махны хэрэглээнд төр ямар хэлбэрээр оролцохыг тодорхой болгох үүднээс Монголын хөрөнгийн бирж, Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан махны худалдааг зохион байгуулах судалгааг хийхээр төлөвлөжээ. Өнөөдөр малчны гараас гарсан мах хэрэглэгчийн гарт очих хүртэл 4-5 дамжлага дамжиж, малчин болон хэрэглэгчдэд ашиггүй үнэ бүрдэж байгааг цогцоор нь шийдвэрлэх шаардлагатай гэж үзсэн байна.
Мөн Хүнсний тухай хуулийн дагуу тухайн орон нутагтаа стратегийн хүнсийг, тэр дундаа махны нийлүүлэлтийг тухайн шатны Засаг дарга өөрөө бие даан зохион байгуулах үүрэгтэй. Тиймээс:
-
Аймаг, нийслэл, дүүргийн Засаг дарга нар 2027 оны төсвөө төлөвлөхдөө нөөцийн махыг хэдэн төгрөгөөр авч, ямар хугацаанд борлуулах, шаардлагатай хөрөнгийг хэрхэн шийдвэрлэхээ одооноос бэлтгэхийг үүрэг болголоо.
Экспортыг зогсоохгүй
Энэ удаагийн тогтоолд махны экспортыг зогсоох тухай заалт тусаагүй байна. Манай улсаас экспортод гарч буй мах нь дотоодын зах зээлд хямд байдаг сарлаг, адууны мах болон намар онд ороход хэцүү, гантай бүс нутгаас бэлтгэсэн махнууд байдаг. Түүнчлэн экспортын мах түүхийгээрээ биш, дулааны аргаар боловсруулагдаж гардаг тул дотоодын махны хэрэгцээнд нөлөөлөхгүй гэж үзжээ. Экспортыг гэнэт зогсоох нь цаашид гадаад зах зээлийн тогтвортой харилцааг хаах эрсдэлтэйг салбарын сайд онцоллоо.






