Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд 2025 онд гарсан хэргийн шүүх хурал өнөөдөр буюу 2026 оны 5 дугаар сарын 6-ны өдөр болж, шүүхээс эцсийн шийдвэрээ танилцууллаа. Шүүгдэгч М.Батчулуун нь найман сартай жирэмсэн эмэгтэй болон дөрвөн настай охиныг онц хэрцгийгээр хөнөөж, гурван настай охины биед хүнд гэмтэл учруулсан хэрэгт буруутгагдаад байсан юм.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс М.Батчулууныг хүнийг онц хэрцгийгээр, биеэ хамгаалж чадахгүй бага насны хүүхэд, жирэмсэн болохыг нь мэдсээр байж амь насыг нь бүрэлгэсэн гэм буруутайд тооцлоо.
Шүүхээс түүнд дараах ялыг оногдуулсан байна. Үүнд:
Бүх насаар нь хорих ял: Онц хэрцгийгээр хүний амь нас хохироосон үйлдэлд.
8 жилийн хорих ял: Хүний биед хүнд гэмтэл учруулсан үйлдэлд.
Эрүүгийн хуулийн дагуу эдгээр ялуудыг нэмж нэгтгэн, шүүгдэгч М.Батчулууны эдлэх ялыг бүх насаар нь хорих ялаар тогтоолоо. Тэрээр уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлэхээр болов.
Шүүхээс гэмт хэргийн улмаас учирсан эдийн бус болон эдийн хохирлыг тооцон, шүүгдэгчээс нийт 235 сая гаруй төгрөгийг гаргуулж хохирогчийн ар гэрт олгохоор шийдвэрлэжээ.
Нөхөн төлбөрийн задаргаа:
-
Хохирогч С-д 167,197,209 төгрөг.
-
Хохирогчийн төлөөлөгч Т-д 31,680,000 төгрөг.
-
Асран хамгаалагч С-д 36,404,080 төгрөг.
-
Мөн өмгөөлөгчийн зардал болох 2 сая төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, холбогдох байгууллагад шилжүүлэхээр тогтоов.
Шүүх хуралдаанаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гар утсыг эзэмшигчид нь буцаан олгож, 12 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хавсаргахаар болов. Мөн хэрэгт ашиглагдсан бусад эд зүйлсийг устгахаар шийдвэрлэсэн байна.
Шүүгдэгч М.Батчулууны цагдан хоригдсон хугацааг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох бөгөөд шүүхийн шийдвэр танилцуулснаар хүчин төгөлдөр болж, ял эдлэлт өнөөдрөөс эхэлж байна.





