Барилгын нурангид дарагдсан хүүгийн хэрэгт хэн хариуцлага хүлээх вэ?

Сургуулийн танхимд эрдэм ном сурч, ирээдүйнхээ тухай мөрөөдөж суух ёстой 15-хан настай хүү барилгын нурангид дарагдаж, алтан амиа алдсан ноцтой хэрэг гарлаа. Хэрэг явдлыг тодруулбал, тавдугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хороонд байрлах үйлчилгээний зориулалттай обьектыг нураах, шинэчлэх ажлын үеэр энэхүү харамсалтай осол гарсан байна.

Насанд хүрээгүй хүүхэд хичээлийнхээ хажуугаар, эсвэл хичээлийн цагаар барилгын хүнд нөхцөлд ажиллаж байгаад амиа алдсан нь нийгэмд цочрол өгөөд зогсохгүй, хөдөлмөрийн мөлжлөг, хууль бус зуучлал, аюулгүй байдлын асуудлыг дахин хөндөхөд хүргэв.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын сайд Т.Аубакир "15 настай хүүхэд хөдөлмөр эрхлэхийг хуулиар зөвшөөрсөн" хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.

Гэтэл Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/152 дугаар тушаалаар баталсан "Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт"-ын Барилгын салбарын хэсэгт (2.1.7) барилга нураах, барилгын угсралт, засварын ажил дээр насанд хүрээгүй хүн ажиллуулахыг шууд хориглосон байдаг. Учир нь энэ төрлийн салбар нь хүүхдийн амь нас, эрүүл мэндэд өндөр эрсдэлтэй, хүнд, хортой нөхцөлтэй ажилд тооцогддог байна.

Мэргэжилтний зүгээс:

ХГБХХЕГ-ын хүүхдийн хөдөлмөр, гамшиг онцгой  байдлын асуудал хариуцсан мэргэжилтэн М.Сарангуа: "Хууль журмын дагуу хүүхэд барилгын салбарт, тэр дундаа барилга нураах явцад ажиллах нь бүрэн хориглосон заалтад ордог. Гэвч энэ хэрэг дээр журам зөрчигдсөн нь тодорхой байна" хэмээн тайлбарлаж байна.

"Төрийн бус байгууллага" нэрээр халхавчилсан зуучлал уу?

Холбогдох албаны хүний мэдээлснээр, уг хүүхдийг "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан"-тай гэрээтэй ажилладаг гэх нэгэн Төрийн бус байгууллага (ТББ) зуучлан тухайн обьектод ажиллуулсан байж болзошгүй нөхцөл байдал үүсээд байна. Уг ТББ нь залуучуудыг ажилд зуучилж, хөдөлмөрт бэлтгэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хэдий ч бодит байдал дээр насны хязгаар, ажлын байрны нөхцөлийг шалгаагүй нь ийм байдалд хүргэжээ.

Энэ нь нэг талдаа ажил олгогч болон зуучлагч байгууллагууд ашгийн төлөө насанд хүрээгүй хүүхдийн хөдөлмөрийг хямдаар мөлжиж, хөдөлмөрийн аюулгүй байдлыг нь огт хангаагүйн бэлэн жишээ юм.

Хариуцлагыг хэн хүлээх вэ?

Олон улсын хөдөлмөрийн хэллэгээр 15-34 хүртэлх насыг "Хөдөлмөрийн нас" гэж зарим хөтөлбөрт тодорхойлдог ч энэ нь хүүхдийг хүнд, хортой нөхцөлд ажиллуулж болно гэсэн үг биш юм.

Өнөөдөр Монголд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орчин дулимаг байгаагаас жил бүр олон арван залуус, ажилчид барилгын талбай дээр амь насаа алдсаар байна. Харин энэ удаад хохирогч нь ердөө 15-хан настай хүү байлаа.

Уг хэрэгт хууль бусаар хүүхэд ажиллуулсан ажил олгогч компани, ажлын байрны аюулгүй байдлыг хангаагүй инженер техникийн ажилчид, мөн насанд хүрээгүй хүүхдийг хориотой ажлын байранд зуучилсан ТББ-ууд хуулийн өмнө бүрэн хариуцлага хүлээх ёстой. Хүүхдийн амиар туг тахисан барилгын салбарын замбараагүй байдал хэзээ цэгцрэх вэ?