• Нүүр
  • Мэдээний өрөө
  • Ипотекийн зээлд "Шэйр моргейж" (Share mortgage) буюу дундын өмчлөлийн хэлбэрийг нэвтрүүлэхээр судалж байна

Ипотекийн зээлд "Шэйр моргейж" (Share mortgage) буюу дундын өмчлөлийн хэлбэрийг нэвтрүүлэхээр судалж байна

Одоогоор арилжааны банкууд дээр жилийн 8 хувийн хүүтэй ипотекийн зээл, мөн банкны өөрийн эх үүсвэртэй (сарын 2%, жилийн 24%-ийн хүүтэй) зээлүүд хэрэгжиж байна. Гэвч цаашид 8 хувийн зээлийг зорилтот бүлэг буюу анх удаа гэр бүл болж байгаа залуус болон орон нутгийн иргэдэд илүү хүртээмжтэй болгохоор төлөвлөж байгаа аж.


"Шэйр моргейж" (Share mortgage) хөтөлбөрийг нэвтрүүлнэ

Ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх хамгийн гол шийдэл нь "Шэйр моргейж" (Share mortgage) буюу дундын өмчлөлийн зарчим, түүнчлэн түрээсийн орон сууцны хэлбэрийг хослуулах хувилбар юм.

Сайд З.Мэндсайхан үүнийг дараах жишээгээр тайлбарлав:

Иргэн 200 сая төгрөгийн үнэтэй байр худалдаж авахыг хүсвэл одоогийн мөрдөгдөж буй журмаар 30 хувийн урьдчилгаа болох 60 сая төгрөгийг төлөх шаардлагатай болдог.

Харин шинээр төлөвлөж буй "Шэйр моргейж" тогтолцоогоор тухайн байрны үнийн тал хувь буюу 100 сая төгрөгт нь урьдчилгаагаа тооцож төлнө. Ингэснээр урьдчилгаа төлбөр нь 30 хувь буюу 30 сая төгрөг болж, даруй хоёр дахин буурах юм.

Үлдсэн 100 сая төгрөгийг орон сууцны корпораци (түрээсийн сангаас) гаргаж, иргэн тухайн үлдсэн хувийнхаа төлбөрийг түрээс хэлбэрээр төлөөд явах боломж бүрдэнэ.

Ингэснээр иргэн эхний 100 сая төгрөгт ногдох зээл болон урьдчилгаагаа ипотекийн журмаар төлж дуусгаад, үргэлжлүүлэн үлдсэн хувиа түрээсээр нөхөн төлж, байраа бүрэн өөрийн болгох боломжтой. Ипотекийн зээлийн дундаж хугацааг 20 жил гэж тооцвол өнөөдрийн 100 сая төгрөг 20 жилийн дараа ямар үнэ цэнтэй байх уу гэдгийг тооцоолж, залуучуудад хамгийн их дэмжлэг болох бүтээгдэхүүний хувилбаруудыг боловсруулж байгааг Сангийн сайд онцоллоо.


Одоогоор Барилга, хот байгуулалтын яамнаас хуулийн үзэл баримтлалыг батлуулахаар санал авч байна. Уг хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж дэмжлэг авбал УИХ-д өргөн барих бөгөөд үүний дараа ипотекийн бодлогыг ямар хэлбэрээр, хэрхэн хэрэгжүүлэх нь эцэслэн шийдэгдэх юм байна.