Монгол түмний бахархал, түүх соёлын үндэс болсон морьт харваа нь уламжлалаа тээн амьдарч буй харваачдын хөдөлмөр, зүрхээр амьдарсаар байна.
Нэр бүхий чадварлаг харваачид болох Б.Болдбаатар, Н.Алтанхуяг нарын морьд хулгайд алдагдаж, цөөнгүйг нь төхөөрсөн ноцтой хэрэг гарсан. Энэ хүнд үед "Монгол хаан" уран бүтээлийн төслийн хамт олон харваачдын итгэл сэтгэлийг дахин сэргээх зорилгоор нийт 10 агт морь бэлэглэн, ёслол төгөлдөр хүргэн өгчээ.
Төслийн багийн төлөөлөл хэлэхдээ:
"Морьт харваачид бол Монголын түүхийн амьд өв. Тэдний мориороо уралдаж, сур харваж буй нь зүгээр нэг спорт биш, үндэсний дархлааны нэг хэсэг. Бидний бэлэг бол зүгээр нэг морь бус, сэтгэл зүрх, хүндлэл юм" гэжээ.