Тагнуулын ерөнхий газрын алба хаагчид өнөөдөр өглөө /2025.06.09/ олон улсын нислэгээр тээвэрлэж авчирсан 1,2 килограмм орчим хар тамхийг илрүүлж, “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал дээрээс хураасан байна. Уг хэрэгт холбогдуулж Монгол Улсын иргэн Б, М, Г нарыг баривчлан саатуулжээ. Дээрх хар тамхи, мансууруулах төрлийн бодис нь “мөс” гэх НҮБ-аас олон улсад хориглосон “метамфетамин” бодис байсан аж.
Эрүүгийн хуулийн 20.7.3.3-д зааснаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн бол 5-12 жил, зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол 12-20 жил хүртэлх хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ялаар шийтгэх хуулийн заалттай. Уг хэргийн талаар эргэн мэдээлэх болно.