Ренуарын сая сая еврогоор үнэлэгдэх зургууд алдагджээ

       Францын өмнөд хэсэгт орших Кань-сюр-Мэр хотод байрлах Ренуарын музейгээс импрессионист зураач Пьер Огюст Ренуарын хоёр бүтээл алдагджээ. Мягмар гарагт хоёр этгээд Ренуарын музейд нэвтрэн дөрвөн зураг хулгайлсан боловч зугтах замдаа хоёр бүтээлийг нь музейн цэцэрлэгт унагаан үлдээсэн талаар тус хотын дарга Брайан Массон мэдээлэв. 

Тус бүр нь 9 сая еврогийн (37.7 са төгрөг) үнэд хүрэх эдгээр зургууд нь Европ даяар сүүлийн үед гарч буй цуврал хулгайн хэргийн үеэр хулгайд алдсан өндөр үнэ цэнэтэй урлагийн бүтээлүүдийн нэг юм. Хамгийн дуулиантай хэргүүдийн нэг нь өнгөрсөн оны 10-р сард Парис дахь Луврын музейд гарсан дээрэм бөгөөд тухайн үед Францийн хааны эрдэнэсийн сангийн 88 сая еврогоор үнэлэгдэх найман ширхэг үнэт эдлэл алдагдаж байжээ. 

Гэмт хэрэгтнүүд музейн цэцэрлэгийн хашааны төмөр торыг эвдэлж нэвтэрсний дараа зургийн жаазыг тогтоож байсан бэхэлгээг таслан авч буй нь ажиглалтын камерын бичлэгт үлдсэн гэж хотын дарга хэлэв. Аюулгүйн дохиолол үүрийн 05:48 цагт дуугарч цагдаа нар таван минутын дотор хэргийн газарт ирсэн бөгөөд дохиолол дуугарахыг сонссон гэмт хэрэгтнүүд хэргийн газраас зугтсан гэж Хотын дарга мэдээлсэн юм.

 Хамгийн хачирхалтай нь хотын даргын мэдээлснээр ‘’гэмт этгээдүүд дуулга, бээлий, байлдааны иж бүрэн хувцастайгаас гадна цахилгаан таслагч болон хөрөө ашигласан нь тэднийг урьдчилан сайтар бэлдсэн. Мөн нарийн тоноглогдсон, бүрэн мэдээлэлтэй байсныг харуулж байна’’ гэжээ.

Францын цагдаагийн байгууллага болон прокуророос хэрэгтнүүдийг эрэн сурвалжлах тусгай ажиллагааг явуулж байгаа юм. Мөрдөн байцаагчид хэргийн газраас сэжигтнүүдийнх байж болзошгүй хоёр цүнх олсон бөгөөд ДНХ болон хурууны хээг олж тогтоохоор ажиллаж байна

 Ренуарын музейд алдарт зураачдын 12 бүтээл байдаг.

Гэмт этгээдүүдийн хулгайлсан зургууд: 

 

 - Madame Colonna Romano- гийн хөрөг (1910)

 - Jeune fille au puits (Худаг дээрх залуу охин) (1886) 

 Музейн цэцэрлэгт унагааж орхисон зургууд:

- Madame Pichon-ы хөрөг (1895)

- Coco Lisant (Коко ном уншиж буй нь) (1905)

‘’Энэ хэрэг зөвхөн манай хотын музейн асуудал биш. Мэргэжлийн, нарийн зохион байгуулалттай дээрэмчид музей руу халдаж эхэлсэн тул бүх музей аюулгүй байдлаа нэн даруй чангаруулах цаг болсныг сануулж байна’’ гэж Францын орон нутгийн хотын дарга анхааруулав. Брайн Массон Францын Засгийн газарт хандан урлагийн бүтээлүүдийг хамгаалахын тулд орон нутаг болон музейнүүдэд илүү их санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг уриаллаа. 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                             Бэлтгэсэн: Б.Мишээл