• Нүүр
  • Мэдээний өрөө
  • Төрийн ордны гацаа: Нам, фракцын эрх ашиг төрийн ажлын дээгүүр гишгэж байна

Төрийн ордны гацаа: Нам, фракцын эрх ашиг төрийн ажлын дээгүүр гишгэж байна

Төрийн ордонд улс төрийн халуун өдрүүд үргэлжилж байна. Ирэх даваа гарагт УИХ-ын ээлжит бус чуулган 2026 оны төсвийн тодотголыг эцэслэн хэлэлцэж хаах, улмаар мягмар гарагт намрын ээлжит чуулганыг нээх хариуцлагатай тов хүлээж байв. Гэвч чухал хуваарийн босгон дээр парламентын ажил тэр чигтээ гацаанд орлоо.

Өнөөдөр хуралдах ёстой байсан Эдийн засгийн болон Төсвийн байнгын хороодын хуралдаан ирц бүрдээгүйн улмаас дахин хойшлов. Улс орны эдийн засгийн бодлого, ирэх оны төсвийн суурийг зангидах амин чухал хороод ингэж хаалгаа барихад хүрсэн нь техникийн саатал биш, ерөөс улс төрийн гүнзгий талцал, бойкотын хар гай юм.

МАН болон АН-ын дотоод болон хоорондын зөрчил, фракцуудын явцуу тохироо даамжирч, гишүүд хуралдаанаа хаяж одох нь ердийн үзэгдэл болов. Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ умартаж, цаг хугацааны шахуу хуваарьтай улсын төсвийг цалгардуулах эрх парламентын гишүүдэд хэзээнээс олдов?

Намрын чуулган эхлэхээс урьтаж төсвийн тодотголоо батлах төрийн ажил ийнхүү мухардалд орлоо. Нийтийн эрх ашгийг хувийн болон намын эрх ашгийн дор гишгэчдэг гишүүдийн энэ мэт хариуцлагагүй байдалд хэзээ цэг тавих вэ?