Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Т.Батцогт нийслэлийн засаглал, удирдлагын тогтолцоонд үүсээд буй гажуудал болон түүнийг шийдвэрлэх арга замын талаар байр сууриа илэрхийллээ. Тэрээр өнөөгийн тогтолцоог "маш буруу" хэмээн шүүмжилж, хууль эрх зүйн хүрээнд яаралтай өөрчлөлт хийх шаардлагатайг онцолсон юм.
"Засаг даргаа шүүмжлэх ёстой хүмүүс кабинетэд нь суучихсан байна"
Төлөөлөгч Т.Батцогтын хэлж буйгаар өнөөдөр НИТХ-ын төлөөлөгчид гүйцэтгэх засаглал дээр давхар ажил хийж, цалин авч байгаа нь ашиг сонирхлын том зөрчил, тогтолцооны гажуудлыг үүсгэж байна.
"Төлөөлөгч гэдэг бол ард түмнээс сонгогдсон хүн. Гэтэл гүйцэтгэх засаглал дээр давхар цалин аваад, ажил аваад ажиллаж байгаа нь өөрөө маш буруу тогтолцоо. Нэг хөлөөрөө засаг даргаа шүүмжлэх гээд байгаа юм шиг атлаа кабинетэд нь суучихсан, нөгөө талаараа тэр хүнийхээ удирдлага доор ажиллаад байж болохгүй" хэмээн тэрээр хэлэв.
Өнөөдөр Нийслэлийн МАН-ын 40 төлөөлөгчийн хэн нь ямар ажил, албан тушаалд томилогдсоныг бүгд мэдэж байгааг тэрээр дурдаад, үүнийг чуулганы танхимд ч тогтмол хэлж, шүүмжилж ирснээ тодотголоо.
Эрх ашгийн зөрчил ба ирц бүрддэггүй "Улаанбаатар"
Энэхүү тогтолцооны гажуудал нь хотын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд шууд сөрөг нөлөө үзүүлж буйг тэрээр жишээгээр тайлбарлав. Тодруулбал, төлөөлөгчид өөрсдийн харьяалагддаг байгууллагын төсөв, асуудлыг батлах болохоор идэвхтэй сууцгаадаг атлаа, хотын нийтлэг эрх ашгийн төлөөх асуудлыг хэлэлцэх үед ирц бүрдүүлдэггүй, хуралд суудаггүй байна.
"Төсөв батлах болохоор өөрийнхөө байгууллагын төсвийг батлах гээд орж ирж суучихаад, бусад энэ хотын тулгамдсан асуудлыг хэлэлцэх болохоор ирц нь хүрдэггүй, хүн нь суухгүй, кнопоо дарахгүй, шийдвэрээ гаргахгүй ийм л байдалтай байгаа шүү дээ."
Т.Батцогт энэхүү засаглалын хямрал, хууль эрх зүйн тогтолцооны том гажуудлыг засахын тулд хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна. Үүний тулд:
-
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах;
-
Сонгогдсон төлөөлөгч хүн уул уурхай, улс төрийн албан тушаалаас бусад бүх төрлийн албан тушаалд давхар ажиллахыг хуулиар хориглох хэрэгтэйг сануулав.
Тэрээр энэхүү зарчмын байр суурь дээрээ хатуу зогсож байгаа бөгөөд Ардчилсан намаас сонгогдсон УИХ-ын гишүүдэд ч засаглалын энэ тогтолцоог өөрчлөх хуулийн төсөл, санаачилга гаргаж ажиллах санал, боломжуудыг уламжлан, хэлэлцүүлж байгаагаа илэрхийллээ.





