НИТХ-ын дарга А.Баярыг огцруулах асуудлыг хэлэлцэж эхэллээ

НИТХ дахь МАН-ын Бүлгийн гишүүдээс НИТХ-ын дарга А.Баярыг огцруулах асуудлыг ээлжит бус чуулганаар хэлэлцэж эхэллээ. Түүнийг дараах шалтгаанаар огцруулах санал гаргажээ. Үүнд: 

  • Нутгийн өөрөө удирдах байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдуулсан
  • Төсвийн тухай хууль зөрчсөн
  • Өнөөдрийн ээлжит хуралдааныг санаатайгаар тасалдуулж, ирж хурал удирдаагүй гэж үзэж байна. 
Эргэн сануулвал, өнөөдөр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Ардчилсан намын бүлгээс НИТХ-ын ээлжит VII хуралдааныг хойшлуулах шаардлага бүхий албан бичгийг НИТХ-ын дарга А.Баярт хүргүүлсний улмаас НИТХ-ын хуралдаан өнөөдөр хойшлоод байсан юм. АН-ын бүлэг шаардлагадаа Ээлжит VII хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн зарим асуудал нь нийгэмд маргаан дагуулж, иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад буйг онцлоод, “Туул голоо аваръя” хөдөлгөөн, “Туулын хурдны зам” төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой олон нийтийн зөрчилд хөнгөн хандаж, яаравчлан хэлэлцэх, тодорхой шийдвэр гаргах боломжгүй нөхцөл бүрдсэнийг онцолжээ.
АН-ын бүлгийн зүгээс иргэдийн эрх ашиг, байгаль орчны аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавих ёстой. Туул голын экосистемийг хамгаалах, Туулын хурдны замтай холбоотой асуудал нийслэлийн хэмжээнд бус, улсын бодлого, хууль эрх зүйн зохицуулалттай шууд холбоотой тул Засгийн газар, УИХ болон холбогдох байгууллагуудын нэгдсэн байр суурь гараагүй нөхцөлд НИТХ-аар яаравчлан хэлэлцэх нь зохисгүй гэжээ. Иймд НИТХ-ын дарга А.Баяр НИТХ дахь АН-ын бүлгийн шаардлагыг хүлээн авч, өнөөдөр 10:00 цагт товлосон НИТХ-ын Ээлжит VII хуралдааныг хойшлууллаасан шийдвэр гаргасан байна. 
 
Гэтэл НИТХ дахь МАН-ынхан үүнийг эсэргүүцэж, өглөө 10 цагаас хойш хуралдахыг шаардсан. Улмаар Нийслэл дэх МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдан шийдвэр гаргаж, НИТХ-ын төлөөлөгч Ж.Баятбаясгалан даргалан хуралдаж эхэллээ. Тэд яг одоо НИТХ-ын дарга А.Баярыг чөлөөлөхөөр ээлжит бус хуралдаанаа эхлүүллээ. Үргэлжлүүлэн шинэ НИТХ-ын даргыг томилно гэв. НИТХ-ын төлөөлөгчдын 62.2 хувь буюу 27 төлөөлөгч ээлжит бус хуралдаанд оролцож байна.