PISA үнэлгээгээр Монгол Улс 91 орноос 49-р байрт эрэмблэгдлээ

2025 оны үнэлгээнд Дэлхийн 91 улсын 760 мянга гаруй суралцагч оролцжээ. Монгол Улсаас 191 сургуулийн 15 настай 7,146 суралцагч хамрагдлаа. Үнэлгээний тайланг OECD бүрэн боловсруулж өнөөдөр үр дүнгээ танилцууллаа. 2022 оны судалгаагаар монгол сурагчид 81 улсаас унших чадвараар 65-д жагссан бөгөөд ОУ-ын дунджаас 5 орчим жил, Азийн орнуудын дунджаас 2.5 жилээр хоцорч байгааг тогтоосон байдаг. 
Энэ удаа уншаад ойлгох чадвар 2022 оныхтой ижил түвшинд хэвээр гарчээ. Дэлхийн хэмжээнд сурагчдын 4/3-ийн уншаад ойлгох чадвар буурсан үзүүлэлттэй байна. Энэ нь дижитал хөгжилтэй холбоотой байна гэж үзжээ.
Энэ удаагийн үнэлгээний 4 үзүүлэлтийн дунджаар Монгол Улс 91 орноос 49 дүгээр байранд эрэмбэлэгджээ.
Сорил тус бүрээр авч үзвэл:
-Математик 419 оноотой 49 дүгээр байрт,
-Байгалийн ухаан 424 оноотой 56 дугаар байрт,
-Унших чадвар 374 оноотой 69 дүгээр байрт эрэмбэлэгджээ.
 
 PISA үнэлгээгээр гүйцэтгэлийн хоёрдугаар түвшин буюу L2-г суурь түвшин гэж үздэг бөгөөд Тогтвортой Хөгжлийн Зорилт (ТХЗ)-ын 4.1.1-д суралцагч бүр уг түвшинд хүрсэн байхыг чухалчилдаг. Манай улсын суралцагчдын 56.9 хувь нь байгалийн ухааны сууриас дээш түвшинд гүйцэтгэлтэй байна. Өөрөөр хэлбэл таван суралцагчийн гурав нь энэ зорилтод хүрсэн байна. 2022 онд нийт суралцагчийн 50-64 хувь нь энэ түвшинд хүрэхгүй байсан юм.
 
2022 онтой харьцуулахад Монгол улсын 15 настай  суралцагчдын  байгалийн ухааны хичээлийн гүйцэтгэл 12 оноогоор сайжирчээ. Мөн монгол хүүхдүүд дижитал технологи, цахим оюун ухааныг сайн ашиглаж байна гэсэн дүн гарсан байна.
2022 оны үнэлгээтэй харьцуулахад нийслэл, аймгийн суралцагчдын гүйцэтгэлийн зөрүү буурсан байна. Ялангуяа байгалийн ухааны гүйцэтгэлийн зөрүү арилах хэмжээнд хүрчээ.
Байгалийн ухаан, уншаад ойлгох чадвар болон математикаар охид хөвгүүдээс илүү гүйцэтгэлтэй байна. Нийгэм эдийн засгийн үзүүлэлтээр дээд 25 хувьд хамаарах бүлгийн сурацлагчдын гүйцэтгэл доод 25 хувьд хамаарах суралцагчдынхаас илүү байна.
 
OECD-ын Боловсрол, ур чадварын газрын захирал Андреас Шляйхер: "Монгол Улсад боловсролын тэгш бус байдал багасжээ. Чанартай боловсролыг цөөн сургуулиар хязгаарлагдахгүй өргөн хүрээнд хүртээмжтэй олгож байна гэсэн үр дүн PISA үнэлгээгээр гарсан. Түүнчлэн Гэр бүлийн дэмжлэг сайн байх тусам хүүхдийн сурлагад эергээр нөлөөлдөг гэсэн үр дүн гарлаа. Эцэг эх өдөр бүр гурван цаг хамт тоо бодох бус. Ярилцдаг, ойлгодог байх хэрэгтэй. Боловсрол бол зөвхөн сургууль, багшийн асуудал бус эцэг эхийн мөн хамтын ажиллагааны үр дүн юм. Нийгэм эдийн засгийн үзүүлэлт суралцагчдын гүйцэтгэлд нөлөөлж байна. Боловсрол амжилт гаргахын тулд нийгэм, эдийн засгийн үзүүлэлт болох эцэг эх асран хамгаалагчийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хэрэгтэй байна. Тэдний боловсролыг ахиулах хэрэгтэй байна" гэв. 
 
Суралцагчдын сургуульд хандах хандлага сэтгэл ханамж 2022 онд 7.2 байсан бол 2025 онд 7.8 болж өссөн байна. Манай улсын хувьд ЭЗХАХБ-ын дундаж болон азийн дунджаас өндөр байна. Сургуулийн орчинд өөрийгөө аюулгүй хэмээн мэдэрдэг суралцагчид амьдралдаа сэтгэл хангалуун байх хандлагатай байна хэмээн танилцууллаа.