Монгол Улсын тээвэр, логистикийн гол судас болсон төмөр замын салбарт нэгэн шинэ түүхэн хуудас нээгдлээ. Улаанбаатар зүтгүүрийн депогийн цахилгаан хөдөлгүүрийн шинэ цех ашиглалтад орж, нээлтийн ёслолын ажиллагаа албан ёсоор боллоо.
Нээлтийн ёслолд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, “УБТЗ” ХНН-ийн дарга Х.Хэрлэн тэргүүтэй тус нийгэмлэгийн удирдлага, үе үеийн гавьяат үйлстэнүүд болон төмөр замчид оролцож, энэхүү түүхэн бүтээн байгуулалтыг баяртайгаар угтан авсан юм.
Гадагшаа урсах валютыг дотооддоо үлдээх боломж
Улаанбаатар зүтгүүрийн депогийн цахилгаан хөдөлгүүрийн цех ашиглалтад орсноор зүтгүүрийн татах цахилгаан хөдөлгүүрийн их засварын ажлыг 100% дотооддоо хийх боломж бүрдэж байна. Энэ нь урд өмнө нь гадаад улс орнуудад өндөр өртөгтэйгөөр хийлгэдэг байсан засвар үйлчилгээний зардлыг үлэмж хэмжээгээр бууруулаад зогсохгүй, төмөр замын тээврийн тасралтгүй, аюулгүй, найдвартай үйл ажиллагааг хангах нөхцөлийг шинэ шатанд гаргаж буй хэрэг юм.
Эдийн засгийн бодит тоо баримт: Төмөр замын тээврийн хэмжээ жилээс жилд өсөн нэмэгдэж байгаатай холбоотойгоор зүтгүүрийн цахилгаан хөдөлгүүрийн засварын зардал ч дагаад өсч байна. Тухайлбал, 2025 онд илчит тэрэгний цахилгаан хөдөлгүүрийн засварт 5.2 тэрбум төгрөг, харин 2026 оны нэгдүгээр улиралд гэхэд л 855.4 сая төгрөг зарцуулжээ. Энэхүү асар их мөнгөн урсгал одоо дотоодын цехийн бүтээн байгуулалтад шингэж, Монголдоо үлдэхээр боллоо.
Өнөөдрийн байдлаар манай улсад том оврын 180 ширхэг зүтгүүрийн татах цахилгаан хөдөлгүүр засварын гүйлт нь хэтэрсэн, нэн яаралтай засах шаардлагатай нөхцөлтэй ашиглагдаж байгаа юм. Шинэ цех нээгдсэнээр энэхүү тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэж эхэлнэ.
“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн хөрөнгө оруулалтаар боссон тус цехийн чанар, стандартыг дэлхийн түвшинд хүргэхийн тулд инженер, техникийн ажилчид болон засварчдыг БНХАУ-д тусгайлан дадлагажуулж, мэргэшлийг нь дээшлүүлсэн байна.
Түүхт депогийн шинэ алхам: Улаанбаатар зүтгүүрийн депо нь түүхэндээ Монгол Улсын хөдөлмөрийн баатар 10, гавьяат тээвэрчин 13-ыг төрүүлэн гаргасан, улс орны хөгжилд үнэлж баршгүй хувь нэмэр оруулж ирсэн алдар гавьяатай хамт олон билээ. Энэхүү шинэ цех нь тус депогийн хамт олны хөдөлмөр зүтгэлийг хөнгөвчилж, УБТЗ-ын хөдлөх бүрэлдэхүүний засварын баазыг бэхжүүлэн хөгжүүлэхэд оруулж буй томоохон хөрөнгө оруулалт, түүхэн үйл явдал болж байна.





