Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж, бүрэн эрх нь дуусгавар болсон тул Ерөнхийлөгчийн албыг УИХ-ын дарга С.Бямбацогт хэрэгжүүлэх буй нь хууль эрх зүйн маргаан дагууллаа.
Өмнө нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөр П.Очирбат 1990–1997 онд, Н.Багабанди 1997–2005 онд, Н.Энхбаяр 2005–2009 онд, Ц.Элбэгдорж 2009–2017 онд, Х.Баттулга 2017–2021 онд тус тус ажиллаж байх хугацаанд төрийн тэргүүн өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж байсан удаагүй. Харин 1991 онд одоогийнхтой төстэй нөхцөл байдал үүссэн нь тухайн үеийн Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбатыг АНУ-д албан ёсны айлчлал хийх үеэр Монгол Улс, АНУ-ын хоорондын шинэ харилцааны тухай чухал хэлэлцээрт Монгол Улс Олон улсын валютын сан, Шинэчлэл хөгжлийн олон улсын банк, Олон улсын санхүүгийн корпораци, Олон улсын хөгжлийн ассоциацид гишүүнээр элсэх тухай хуулийг нэн даруй батлах шаардлага үүсэж, улмаар хууль баталж Монгол Улсын дэд Ерөнхийлөгч Р.Гончигдорж Ерөнхийлөгчийн үүргийг түр хэрэгжүүлж, тухайн хуулийг ёсчлон гарын үсэг зурж байсан аж.
Тэгвэл Ерөнхийлөгчийн албыг УИХ-ын дарга хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлаар хууль зүйн талаас зөрүүтэй байр суурийг хүргэж байна.
УИХ-ын гишүүн асан Р.Гончигдорж: “УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэх журмын тухай хууль тогтоогдсон байж л УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэх ажиллагаа явагдана. Эс бөгөөс Үндсэн хуулийн бус болно. Иймд Ерөнхийлөгчийн тухай хуулийн 11 дүгээр зүйл энэ хуулийг орлохгүй төдийгүй түр эзгүйд УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн албан ёсоор шилжүүлсэн бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр журамласан төдий л юм. Харин Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг, тухайлбал, Ерөнхийлөгч өөрийн саналаар чөлөөлөгдсөн үед УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гэсэн нь Үндсэн хуулийн 37 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн зохицуулалт биш. Энэ 11 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Энэ зүйлийн 4 дэх хэсэгт (Ерөнхийлөгч огцорсон, нас нөгчсөн, өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн) заасан тохиолдолд Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэгжүүлэх асуудлыг УИХ-ын чуулганаар тухай бүрд нь хэлэлцэж шийдвэрлэнэ” гэж заасан нь 2026 оны арваннэгдүгээр сарын 19-ний өдрийн УИХ-аас баталсан Ерөнхийлөгчийг чөлөөлөх, УИХ-ын дарга түүний бүрэн эрхийг нь хэрэгжүүлэх тухай хуулийг баталсан харилцааг хэлж байгаа юм. Нийтлэг шийдвэр бус, тохиолдол гарсан тухай бүрд хууль гаргана гэсэн үг юм. /"Өдрийн сонин"-д өгсөн ярилцлагаас/
УИХ-ын дарга С.Бямбацогт: 1993 онд батлагдсан Ерөнхийлөгчийн тухай хуульд заасны дагуу УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэж ажиллана. Дараагийн шинэ Ерөнхийлөгчийг ард түмний санал хураалтаар сонгож, УИХ баталгаажуулж томилох хүртэл дөрвөн сарын хугацаа байна. Энэ хугацаанд Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэж ажиллана.
Төрийн тэргүүн бол үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч байдаг. Үндсэн хуульд заасан онцгой бүрэн эрхтэй. Анх удаа үүсэж буй харилцаа учраас хуулийн хүрээнд яаж зохицуулах уу, яаж үүрэг гүйцэтгэх үү гэдэгт анхаарч ажиллана. Юуны өмнө ард түмнээ амар тайван байлгах, Монгол Улсын бүрэн эрхт байдалд анхаарна.
Зайлшгүй тохиолдолд Ерөнхийлөгчийн бүрэн эрхүүдээс хэрэгжүүлнэ. Бусад тохиолдолд хэрэгжүүлэхгүй байх зарчим барьж ажиллана. Анх удаа ийм тохиолдол үүссэн учраас хуулийн зохицуулалт шаардлагатай.


