Сангийн сайд З.Мэндсайхан өнөөдөр УИХ-ын дарга С.Бямбацогтод Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ.
Гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, шаардлагатай зардлыг санхүүжүүлэх зорилгоор олон улсын байгууллага болон хөгжлийн түнш орнуудаас санал болгож буй төсвийн дэмжлэгийн зээл авах, хэрэгжүүлэх асуудлыг судалж, хуулийн төслийг боловсруулсан байна.
Сангийн сайд энэ үеэр “Геополитикийн нөхцөл байдлын ээдрээтэй энэ үед гадаад валютын нөөцийг тогтвортой болгох, эрсдэлийг хамгаалах, төсвийн санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилгоор Азийн хөгжлийн банкнаас 100.0 сая ам.долларын төсвийн дэмжлэгийн зээлийн хөрөнгийг авч ашиглахаар төлөвлөж байсныг хэлэлцээрийн үр дүнд 200.0 сая ам.доллар болгон нэмэгдүүлсэн” гэдгийг онцлов.
Хуулийн төсөл нь 1 зүйлтэй бөгөөд тус зүйлд Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хооронд 2026 оны аравдугаар сарын 5-ны өдөр байгуулсан “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон батлахаар тусгажээ.


