Бургер, шарсан төмс, чипс, хийжүүлсэн ундаа нь амттай бөгөөд цаг хэмнэх давуу талтай ч өдөр бүр хэрэглэвэл биед ямар өөрчлөлт орж байгааг бид тэр бүр анзаардаггүй.
Түргэн хоолны газрууд 1900-аад оны эхээр АНУ-д хөгжиж эхэлсэн. 1921 онд White Castle хэмээх ресторан байгуулагдаж, бургерийг хурдан, хямд үнээр үйлдвэрлэн худалдаалсан нь том нөлөө үзүүлж байжээ.
Монголд хэзээнээс?
Монголд түргэн хоолны сүлжээ 2010-аад оноос эрчимтэй хөгжиж эхэлсэн.
1996 он — Master Foods компани Герман болон Чехийн түргэн хоолны технологийг Монголд нэвтрүүлж, “Berlin Burger” ресторанаа байгуулсан.
2013 он — KFC-ийн Монгол дахь анхны салбар тухайн оны тавдугаар сарын 19-нд нээгдсэн байна.
2015 он — Burger King-ийн Монгол дахь анхны салбар нь нээгдсэн.
Давс, сахар, ханасан өөх тос ихтэй түргэн болон өндөр боловсруулсан хүнсийг тогтмол, их хэмжээгээр хэрэглэх нь урт хугацаанд эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Эрүүл бус хооллолт нь зүрх судасны өвчин, чихрийн шижин, харвалт зэрэг өвчлөлийн суурь болдог.
Энэ төрлийн хүнс нь давсны агууламж ихтэй байдаг. ДЭМБ-ын зөвлөмжид насанд хүрсэн хүний нэг өдөрт хэрэглэх давсны хэмжээ 5 граммаас хэтрэх ёсгүй гэж заасан байдаг. Харин монголчуудын хувьд давсны хэрэглээ 11-15 грамм буюу зөвлөсөн хэмжээнээс 2-3 дахин их байгааг ДЭМБ онцолсон юм.
Давсыг хэтрүүлж хэрэглэснээр дараах аюултай өвчин эмгэг үүсдэг:
· Цусны даралт ихсэх.
· Зүрх судасны өвчин, зүрхний шигдээс.
· Тархины цус харвалт.
· Бөөрний үйл ажиллагаа алдагдах.
· Яс сийрэгжих ба ходоодны хавдар үүсгэдэг.
ДЭМБ сахарын хэрэглээг өдрийн нийт илчлэгийн 10 хувиас бага, боломжтой бол 5 хувиас бага байлгахыг зөвлөдөг. 10 хувь нь 50 грамм буюу 12 цайны халбага сахар юм.
Түргэн хоолны хэт их хэрэглээ нь хүнийг маш хурдан хугацаанд жин нэмэхэд хүргэдэг. Энэ нь 2-р хэлбэрийн чихрийн шижин, зүрх судасны өвчин, зарим төрлийн хавдар зэрэг олон өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг. Зарим шарсан, савласан бүтээгдэхүүнд ханасан өөх тос ихээр агуулагдаж байдаг. Мөн үйлдвэрлэлийн аргаар гаргаж авсан транс тос нь зүрх судасны өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг. ДЭМБ-ын тооцоолсноор үйлдвэрлэлийн транс тосны хэрэглээнээс болж дэлхий даяар жил бүр 500 мянга орчим хүн нас барж байна гэж үзсэн юм.





