Монголын улс төрийн тайзны ард ээлжит жүжиг хэдийн эхэлжээ. Энэ оны сүүл гэхэд 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд намуудаас хэн хэн сойгдох нь тодорхой болно. Учир нь төрийн тэргүүнийг сонгох энэ тулаан бол зүгээр нэг хувь хүний сонголт бус, 2028 оны УИХ-ын сонгуулийн зураглал, цаашлаад эрх мэдлийн хуваарилалтын гол өнгийг тодорхойлох суурь шат гэдгийг улс төрийн хүрээнийхэн дэндүү сайн мэднэ.
Гэвч өнөөдрийн улс төрийн дүр зургийг ажиглахад эрүүл бодлогын өрсөлдөөн бус, фракц хоорондын бялуу хуваарилалт, өш хонзон, шантаажийн үнэр л ханхалж байна.
Сөрөг хүчний толхилцоон ба Ардчилсан намын "хөвөрсөн" амбиц
Сөрөг хүчний үүргээ ч бүрэн гүйцэтгэж чадахгүй байгаа Ардчилсан намын дотоод уур амьсгал улам бүр буцалж эхлэв. Н.Алтанхуяг, С.Баярцогт, О.Цогтгэрэл, Лу.Гантөмөр гээд нэр дэвших хүсэлтэй кандидатуудын цуваа урт. Дотроо эв эеэ олохоосоо илүүтэй хөлөө жийлцэж дассан энэ нам дахиад л дотоод толхилцоон дундаасаа хэнийг, ямар тохироогоор гаргаж ирэх нь ээлжит оньсого хэвээр байна.
Эрх баригч МАН: 30/38-ын ангал ба "хамгийн сул" хөзөр
Нөгөө талд үнэмлэхүй эрх мэдэлтэй эрх баригч МАН-ын байдал ч тайван биш. Саяхныг хүртэл Г.Занданшатарыг сойно хэмээн ярьж байсан бол нам доторх 30/38-ын хуваагдал нөхцөл байдлыг өөр тийш эргүүлэв. У.Хүрэлсүхийн талаас 30-ын бүлэгтээ ихээхэн тал засаж, Н.Учралын Засгийн газрын бүрэлдэхүүнд Ч.Номин, З.Мэндсайхан, Идэрбат, С.Амарсайхан нарыг багтаасан нь санамсаргүй хэрэг биш байв. С.Амарсайханы гэр бүл, ах нарт гавьяатын шагнал хүртэл тараасан ч тэдний шунал үүгээр "цадсангүй". Одоо тэд Ерөнхийлөгчийн сунгаанд өөрсдийн бүлгээс нэр дэвшигчээ хүчээр зүтгүүлэхээр улайрч эхэлсэн нь "тамхины цэг"-ийн ярианаас хальж ил болж байна. Гэвч үнэнтэй нүүр тулахад, өнгөрсөн хугацаанд нэр нь дурдагдсан бүх горилогчдоос олон нийтийн үнэлэмж, улс төрийн жингээрээ хамгийн сул, эрсдэлтэй кандидат нь С.Амарсайхан өөрөө билээ.
Гомдол, өш хонзон ба "жийгдсэн"-ий шаналал
С.Амарсайханы нэрийг хүч түрэн зүтгүүлэх болсонтой зэрэгцээд Л.Оюун-Эрдэнийн фракц 2027 оны сонгуулиар намаа зориуд ялагдуулах тооцоо хийж эхэлсэн гэх хардлага улс төрийн хүрээнд хөвөрч байна. Өнгөрсөн жилүүдэд намыг 4 удаагийн сонгуульд дараалан ялуулсан ч эцэстээ тоглоомоос "жийгдсэн" гомдол түүнийг зүгээр суулгахгүй байгаа нь ойлгомжтой. Гэвч үнэндээ тэрээр эрх мэдлийн “шидэт дохиур”-ыг гартаа атгаж байх үедээ ард түмнийхээ өмнө нээлттэй байж, өөрийн хөрөнгө, орлогын эх үүсвэрээ хууль ёсны дагуу үндэслэлтэй тайлбарлаж чадсан бол эрх мэдлээс унахдаа ингэж "хамраараа шороо шааж", гомдлын манан дунд үлдэхгүй л байсан биз.
Намрын шантааж, хавчуулагдсан Ерөнхий сайд ба "Мөрөөдлийн баг"
Намрын чуулган эхлэхтэй зэрэгцэн Н.Учралын Засгийн газрыг унагах ээлжит шантааж хөшигний ард хэдийнэ төлөвлөгджээ. 30 болон 38-ын бүлгийн эрх ашгийн завсар хавчуулагдсан залуу Ерөнхий сайд өнөөдөр өөр өөрийн ахархан амбиц, дийлдэшгүй эготой ч ажлын чадамжгүй сайд нарынхаа алдаа дутагдлыг хаацайлан, өмнөөс нь олон нийтийн өмнө нүүрээ улалзуулж сууна.
• Малын гоц халдварт шүлхий өвчин газар авч, махны үнэ ханш, нийлүүлэлт гамшгийн хэмжээнд хүрсэн үед ямар ч дорвитой бодлого гаргаж чадаагүй ХХААХҮ-ийн сайд Идэрбат,
• Гадаадад Монголыг сурталчлах нэрийдлээр олон зуун сая ам.долларыг үр ашиггүй "салхинд хийсгэсэн" Соёлын сайд асан Ч.Номин,
• Үе үеийн засгийн үед албан тушаалаас салдаггүй С.Амарсайхан...
гэсэн энэхүү "мөрөөдлийн баг"-аар хүрээлүүлсэн Засгийн газар хэр хол явах вэ?
Олон нийтийн өмнө нэгдмэл дүр эсгэх авч, хөшигний цаана бие биенээ хэрхэн "жийх", хэнийгээ золигт гаргах вэ гэдгээ хөдөө орон нутгийн амралтын газруудаар хэсүүчлэн төлөвлөж байгаа нь тэдний бодит дүр төрх юм.
Банштай цай, төсвийн 2.4 их наяд ба эцсийн тулаан
Улс төрийн талцал хуваагдлын эгзэгтэй мөч бүрт Нийслэлийн МАН-ын хороо гол жин дарах хүч байсаар ирсэн. Хотын даргын суудлаа өгөөд хил даван одсон Х.Нямбаатар саяхан гэнэт эх орондоо ирж, сошиалаар "банштай цай чанаж буй" бичлэг цацчихаад дахин гадагш явсан нь энгийн нэг бичлэг бус, тодорхой хүрээнийхэнд өгсөн дохио гэж тайлагдаж байна.
Ийнхүү ирэх намрын улс төр:
1. 2.4 их наядын алдагдалтай төсвийн тодотгол,
2. Туршлагагүй Сангийн сайдын оруулж ирэх алдаатай бодлого,
3. Үүнийг далимдуулан Н.Учралын Засгийн газрыг унагах төлөвлөгөө
гэсэн гурван шугамаар өрнөх нь тодорхой болов. Гэвч энэ бүх бужигнаан, шантаажийн цаад цорын ганц гол зорилго нь ердөө л 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхийг булааж авах амин хувийн явцуу эрх ашиг дээр л зангилагдаж байна. Ард түмний амьдрал, улсын эдийн засаг харин тэдний энэхүү эрх мэдлийн тоглоомонд дахин нэг удаа золиослогдох нь тодорхой болов.





