Нийслэл хотын нүргээн, хөл хөдөлгөөнөөс холдож, аавынхаа төрсөн нутаг Дорноговь аймгийн Даланжаргалан сумыг чиглэсэн 22 настай залуу мэргэжилтэн Д.Сэргэлэнгийн хувьд байгаль хамгааллын салбарт хөл тавьсан нь зүгээр нэг мэргэжил сонголт байсангүй. Энэ бол өвөөдөө хань болох ач охины нандин сэтгэл, эх орныхоо байгаль дэлхийд тустай үйл бүтээх залуу хүний халуун тэмүүллийн огтлолцол юм.
Олон ах нартай айлын ганц охин болон өссөн тул Д.Сэргэлэн багаасаа л биеэ даасан, эрэмгий, эршүүд зантай нэгэн болж төлөвшжээ. Дунд сургуульд байхаасаа л багш болохыг мөрөөддөг байсан ч газар зүйн хичээлдээ төрөлхийн дуртай байсан нь түүнийг аялал жуулчлалын салбар руу хөтөлсөн юм. Саяхан Монгол Улсын Их Сургуулийг (МУИС) аялал жуулчлалын мэргэжлээр амжилттай төгссөн тэрээр их хотод үлдэхийн оронд орон нутагтаа очиж, бодит туршлага хуримтлуулахаар зориглон шийджээ.
Түүнийг Дорноговь аймгийн Даланжаргалан сумыг зориход хоёр том шалтгаан байв. Нэг нь Их Нартын Байгалийн Нөөц Газарт (БНГ) мэргэжлээрээ ажиллаж, байгаль хамгаалал болон эко аялал жуулчлалын салбарт мэдлэг туршлагаа зузаатгах явдал байсан бол хоёр дахь нь Даланжаргалан суманд ганцаараа амьдардаг өвөөдөө хань болох гэсэн ач охины халуун сэтгэл байлаа. Аавынх нь нутаг түүнийг ийнхүү өөрийн эрхгүй далласан юм.
"Их сургуульд байхдаа Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай онолоор үздэг байсан бол одоо л бодит байдал дээр Их Нартаа ямх ямхаар танин мэдэж байна."
Оффисын ширээнээс бус, Хээр тал дотор эхэлсэн анхны хичээл
Их Нартын БНГ-ын хамгаалалтын захиргаанд аялал жуулчлал, сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтнээр ажилд орсноос хойш өнөөдөр яг 23 дахь өдөр нь тохиож байна. Анх ажилд ормогцоо оффисын ширээндээ ч сууж амжилгүй шууд л судалгааны суурин руу явжээ. Орчны бүсийн сумдын хүүхдүүдэд байгаль орчны боловсрол олгох “Өсвөрийн байгаль хамгаалагч” бэлтгэх зуны зусланд багшлах хариуцлагатай үүрэг түүнд оногдов.
Туршлага багатай залуу мэргэжилтний хувьд багачуудад байгаль дэлхийг хэрхэн танилцуулах, тэдэнтэй хэрхэн зөв харилцах гээд амьдрал дээрх хамгийн анхны бодит хичээлтэйгээ тулгарсан нь энэ байлаа. Арван жилдээ багш болохыг мөрөөддөг байсан түүний хүүхэд насны хүсэл ийнхүү хээр талын байгалийн танхимд биелэлээ олсон юм.
Байгаль хамгаалагчийн ажлын байр бол хээр тал өөрөө юм
Ажилд орсноос хойш хань болохоор зорин ирсэн өвөөгийндөө ердөө ганц л удаа хонож амжжээ. Байгаль хамгаалагчийн ажил цаг наргүй, нар шингэж сар мандахтай уралдан хээр талд үргэлжилдэг. Гэвч энэ салбарт насаараа зүтгэж буй ах, эгч нарынхаа цаг хугацаа, чин сэтгэл, хөдөлмөрийг хараад тэрээр улам бүр омогшиж, сэтгэл нь хөдөлж байв.
Д.Сэргэлэнгийн цаашдын гол зорилго бол Их Нартын БНГ-т зөв менежменттэй, байгаль дэлхий ба амьтай бүхэнд ээлтэй, сөрөг нөлөөгүй, нутгийн иргэдийн оролцоог дэмжсэн тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх явдал юм.
Байгаль хамгаалагч гэдэг ирээдүй хойч үедээ эх орноо байгаагаар нь өвлүүлэн үлдээхийн тулд залуу нас, амьдралаа зориулж буй эгэл баатрууд билээ. Өнөөдөр буюу 7 сарын 31-ний өдөр тохиож буй Дэлхийн байгаль хамгаалагчдын өдөр-ийг тохиолдуулан Д.Сэргэлэн Монголынхоо нийт байгаль хамгааллын салбарт зүтгэж буй ах, эгч нартаа халуун баяр хүргэж, залуусыг уудам цэлгэр улсынхаа өнцөг булан бүрд хүрч, сурсан мэдсэн үнэ цэнээ түгээхийг уриалж байна.





