Баян-Өлгий аймгийн Монгол Ардын Намын (МАН) хороо болон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (ИТХ) дахь МАН-ын бүлгээс тус аймгийн Засаг дарга Е.Зангарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн асуудлаар албан ёсны мэдээлэл хийлээ.
Тус намын хорооны зүгээс уг шийдвэрийг ямар нэгэн улс төрийн явцуу сонирхол, ашиг сонирхлын зөрчлөөс үүдэлтэй бус, гагцхүү хууль дээдлэх зарчим болон хууль зүйн үндэслэлд тулгуурлан гарсан гэдгийг онцолсон юм.
Мэдээлэлд дурдсанаар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар (ЗГХЭГ) болон Засгийн газрын Хяналт, хэрэгжилтийн газраас хууль тогтоомжийн зөрчлийг арилгах, ажлын хариуцлагыг сайжруулах чиглэлээр удаа дараа зөвлөмж, шаардлага хүргүүлсэн хэдий ч аймгийн удирдлага эдгээрийг бүрэн хэрэгжүүлэлгүй орхигдуулсан байна.
МАН-ын бүлгээс Засаг дарга Е.Зангарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх болсон шалтгаануудыг дараах үндсэн чиглэлүүдээр тайлбарлалаа.
1. Төрийн албаны хууль зөрчсөн томилгоо болон ялгаварлан гадуурхалт
-
Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг бүрэн хэрэгжүүлэлгүй, иргэдийг ажилд эргүүлэн томилох шийдвэрийг зөвхөн хэлбэр төдий биелүүлсэн.
-
Сонгон шалгаруулалт зарлаагүй, хуульд заасан шаардлага хангахгүй хүмүүсийг удирдах албан тушаалд томилсон.
-
Төрийн албан хаагчдыг үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхаж, хууль бусаар ажлаас чөлөөлсөн тохиолдлууд гарсан.
2. Санхүү, төсвийн сахилга батын алдагдал
-
Төсвийн сахилга бат алдагдсаны улмаас 2025 онд хэрэгжих ёстой байсан хөрөнгө оруулалтын ажлууд саатаж, 8.2 тэрбум төгрөг улсын төсөвт буцаан татагдсан.
-
Орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөө 4.2 тэрбум төгрөгөөр тасарч, аймгийн эдийн засгийн нөхцөл байдалд сөргөөр нөлөөлсөн.
МАН-ын хорооны төлөөллүүд шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, төрийн үйл ажиллагаанд саад учруулсан тусгай нөхцөл байдал тогтоогдвол холбогдох хуулийн дагуу Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй тул зохих байгууллагуудаар шалгуулах боломжтойг санууллаа.





