• Нүүр
  • Мэдээний өрөө
  • Шатахуун ховордсоны улмаас галт тэргээр зорчих хөдөлгөөн эрс нэмэгджээ

Шатахуун ховордсоны улмаас галт тэргээр зорчих хөдөлгөөн эрс нэмэгджээ

Улс орон даяар шатахуун ховордож, авто замын тээвэр саатахтай зэрэгцэн иргэдийн зорчих гол урсгал төмөр зам руу чиглэж эхэллээ. Үүний улмаас "Улаанбаатар төмөр зам" (УБТЗ) ХНН-ийн зорчигч тээврийн галт тэрэгний ачаалал эрс нэмэгдээд байна.

Тухайлбал, өчигдөр өглөө гэхэд Замын-Үүд – Улаанбаатар чиглэлийн 27 вагон бүхий зорчигчийн галт тэргээр нэг дор 1001 зорчигч нийслэлд иржээ.

Орон нутгийн болон олон улсын зорчигч тээвэр

Өнөөдрийн байдлаар "УБТЗ" ХНН-ийн зорчигч тээврийн галт тэрэг орон нутгийн 5, олон улсын 3 чиглэлд тогтмол аялж, иргэдэд үйлчилж байна.

Ялангуяа зуны аялал жуулчлалын оргил үе болон хичээлийн шинэ жил хаяанд ирсэн энэ өдрүүдэд төмөр замын зорчигч ачаалал дээд цэгтээ хүрэх төлөвтэй байгаа юм.

Зорчигчдод өгөх санамж

Замд гарахаар төлөвлөж буй иргэд тасалбар олдохгүй байх эрсдэлээс сэргийлж, зорчих тасалбараа эртнээс захиалах шаардлагатайг "УБТЗ" ХНН-ээс тусгайлан анхааруулж байна.

Санамж: Галт тэрэгний тасалбарыг аялахаас 2 сарын (60 хоног) өмнөөс урьдчилан захиалах боломжтой тул төлөвлөгөөгөө эртнээс гаргаж, тасалбараа баталгаажуулахыг зөвлөж байна.