• Нүүр
  • Мэдээний өрөө
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан БНСУ-ын Хууль зүйн сайдтай уулзаж, визийн нөхцөлийг хөнгөвчлөх талаар хэлэлцлээ

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан БНСУ-ын Хууль зүйн сайдтай уулзаж, визийн нөхцөлийг хөнгөвчлөх талаар хэлэлцлээ

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан 2026 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Сөүл хотноо БНСУ-ын Хууль зүйн сайд Жон Сон Ху-тэй албан ёсны уулзалт хийлээ. Сайд С.Амарсайхан ажлаа авснаас хойших анхны гадаад айлчлалаа БНСУ-аас эхлүүлж буй бөгөөд тус улсад манай улсын 60 гаруй мянган иргэн оршин сууж, жилд дунджаар 160 мянга орчим иргэн зорчдог байна.

Уулзалтад монголын талаас Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайд С.Сүхболд, Гадаадын иргэн, харьяатын газрын (ГИХГ) дарга Б.Энхсүх, солонгосын талаас БНСУ-ын ХЗЯ-ны ГИХГ-ын дарга Ча Ён Хо болон бусад албаны төлөөлөгчид оролцлоо.

Тус уулзалтаар талууд иргэд зорчиход үүсэж буй хүндрэлүүдийг бодитоор тодорхойлж, дараах үндсэн чиглэлүүдээр хамтран ажиллахаар санал солилцов.

Визийн нөхцөлийг уян хатан болгож, цахимжуулна

Хоёр улсын иргэдийн зорчих нөхцөлийг хөнгөвчлөх хүрээнд дараах зохицуулалтуудыг үе шаттайгаар нэвтрүүлэхээр тохиролцлоо.

  • Жуулчны виз: Бүлгээр зорчих жуулчны визийн тогтолцоог үе шаттайгаар нэвтрүүлнэ.

  • Эрүүл мэндийн аялал жуулчлал: БНСУ-д эмчилгээ, үйлчилгээ авах зорилгоор зорчиж буй иргэдийн визийн нөхцөл, шалгуурыг уян хатан болгож, хөнгөвчилнө.

  • Цахимжуулалт: Виз олгох үйл ажиллагааг цахимжуулж, илүү түргэн шуурхай, ил тод болгоход анхаарна.

Оюутны визийн шалгуур болон ажиллах хүчний эрх зүйн орчныг чангаруулна

Сүүлийн жилүүдэд БНСУ-д суралцах монгол оюутнуудын тоо огцом өсөж байгаа ч төлбөрийн чадамжгүйгээс шалтгаалан хөдөлмөрийн зах зээл рүү шилжих, хууль бусаар оршин суух, гэмт хэрэгт холбогдох зэрэг сөрөг үр дагаврууд гарч байна. Үүнтэй холбогдуулан талууд дараах арга хэмжээг авахаар боллоо.

Анхаарах асуудал: Оюутны болон сургалтын визийн нөхцөлийг эргэн харж, сургалт зуучлалын байгууллагуудын хариуцлагыг өндөржүүлэх шаардлагатайг ХЗДХ-ийн сайд онцлов.

Мөн улирлын чанартай ажиллах хүчний хөдөлгөөнийг зохицуулах эрх зүйн орчныг бүрдүүлж, зуучлалын үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулахаар тохиролцов. Энэ нь иргэдийг хууль бус зуучлал, хөдөлмөрийн мөлжлөг болон болзошгүй гэмт хэргийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм.

Салбарын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана

Уулзалтын төгсгөлд талууд хоёр улсын Хууль зүйн яам хоорондын харилцааг "Стратегийн хамтын ажиллагаа"-ны шинэ түвшинд гаргахад анхаарч ажиллахаа илэрхийлэв. Хил дамнасан дараах гэмт хэрэгтэй тэмцэхэд туршлага солилцож, хамтын ажиллагааг идэвхжүүлнэ:

  1. Хар тамхи, мансууруулах бодисын хууль бус эргэлт

  2. Цахим залилангийн гэмт хэрэг

  3. Хүний түгээмэл эрхийг хамгаалах болон хорих байгууллагын стандартыг шинэчлэх

Мөн БНСУ дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас санаачлан тус улсад хууль бусаар оршин суугаа иргэдийн тоо болон гэмт хэргийн гаралтыг бууруулах зорилгоор хэрэгжүүлж эхэлсэн “Хариуцлагатай амьдарцгаая” аянд солонгосын тал дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаар болсон байна.

May be an image of one or more people and text