Эмнэлгийн зогсоол тойрсон "ам болон ажил"-ын зөрүү

Эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлж буй иргэд, өвчтөнүүдийн хувьд автомашины зогсоолын асуудал шүдний өвчин байсаар ирсэн. Энэхүү чирэгдлийг бууруулах зорилгоор Хотын удирдлагын зүгээс  "Улсын эмнэлгүүдийн авто зогсоолын төлбөрийг 121 дэх минутаас эхлэн тооцохоор зохицуулж байна. Эхний 120 минут үнэгүй" хэмээн мэдэгдсэн билээ.

Гэвч энэхүү амлалт бодит амьдрал дээр хөрсөндөө буулгүй, иргэдийг чирэгдүүлж, бухимдуулсаар байна.

"Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг"-ийн жишээ: Мөнгийг Нийслэл авдаг, эмнэлэг буруутан болдог

Улсын Гуравдугаар Төв Эмнэлгээс (УГТЭ) гаргасан албан ёсны мэдэгдлээр бодит байдал ямар байгааг харж болно. Тус эмнэлгийн урд байрлах зогсоолыг 2016 онд Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр тохижуулсан бөгөөд уг зогсоол нь эмнэлгийн өөрийн эзэмшлийнх БУС, Нийслэлийн нийтийн эзэмшлийн авто зогсоол юм.

  • Нийслэлийн шийдвэрээр тус зогсоолыг төлбөртэй болгосон бөгөөд хураан авч буй мөнгө, хураамж нь УГТЭ-ийн санхүүжилтэд огт хамааралгүй, Нийслэлийн орлогод төвлөрдөг.

  • Эмнэлгийн захиргаанаас зогсоолтой холбоотой иргэдээс ирж буй гомдлыг Нийслэл болон холбогдох байгууллагуудад удаа дараа уламжилсан ч бодит ахиц гараагүй байна.

Хотын дарга, ЭМЯ-ны сайд нарын амлалт хэзээ ажил болох вэ?

Хотын зүгээс "Улсын эмнэлгүүдийн зогсоолын эхний 120 минутыг үнэгүй болгож байна" гэж сүр дуулиантайгаар мэдээлсэн ч Нийслэлийн өөрийнх нь эзэмшлийн болон удирдлагын зогсоолын системүүд дээр энэ зохицуулалт өнөөдрийг хүртэл хэрэгжихгүй байна.

Эмнэлэгт тусламж, үйлчилгээ авахаар яарч яваа иргэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон бяцхан хүүхдүүдээ дагуулсан эцэг эхчүүд эмнэлгээр үйлчлүүлснийхээ төлөө Нийслэлийн зогсоолын төлбөрийг төлсөөр байх уу?

Нийслэлийн удирдлагууд хэвлэлээр хоосон амлалт өгч шоудахаа больж, "Эхний 120 минут үнэгүй" гэх журмаа харьяа зогсоолын системдээ яаралтай хэрэгжүүлэн иргэдийн чирэгдлийг эцэслэн арилгах шаардлагатай байна.

May be an image of text