• Нүүр
  • Мэдээний өрөө
  • "Рио Тинто" хариуцлага хүлээж эхлэв: Засгийн газар асуудлыг хэзээ сөхөх вэ?

"Рио Тинто" хариуцлага хүлээж эхлэв: Засгийн газар асуудлыг хэзээ сөхөх вэ?

Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг тойрсон ташаа мэдээлэл, зардлын хэтрэлтийн асуудлаар “Рио Тинто” болон “Туркойз Хилл Ресурс” (TRQ) компаниуд олон улсын шүүхийн танхимд дахин ялагдал хүлээв.

Оюутолгой төслийн хоёр дахь үе шат буюу гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал анх төлөвлөснөөс 30 хувь буюу 2 тэрбум ам.доллароор хэтэрч, ашиглалтад орох хугацаа нь 2 жилээр хойшилсон билээ. Харин энэхүү зардал хэтэрсэн, хугацаа хойшилсон бодит шалтгааныг “Рио Тинто” болон “Туркойз Хилл Ресурс” компаниуд хөрөнгө оруулагчдадаа үнэн мөнөөр нь мэдээлээгүй, тайландаа бодит байдлыг нуун дарагдуулж төөрөгдүүлсэн гэх үндэслэлээр олон улсын шүүхүүд шат дараалан шийдвэр гаргаж байна.

Тухайлбал, Канадын Квебек мужийн Дээд шүүхээс жижиг хөрөнгө оруулагчдын хохирлыг барагдуулж, 22.6 сая канад доллар төлүүлэх шийдвэрийг гаргаад байна.

Монголчуудын хохирлыг хэн нэхэмжлэх вэ?

Хэдэн тэрбум ам.долларын өр зээл хүлээн авч, ногдол ашиг хүртэх хугацаагаа тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан Монгол Улс энэ бүх маргааны ард хоосон үлдэж байна.

Манай баялгийг ашиглахтай холбоотой асуудлаар гадаад улсуудад маргаан үүсгэсэн жижиг хөрөнгө оруулагчид "Рио Тинто"-гийн бодит бус тайлан, зардлын хэтрэлтээс үүдэлтэй хохирлоо шүүлгэн, нөхөн төлбөрөө авсаар байна. Гэтэл манай Засгийн газар энэ асуудалд яагаад огт анхаарал хандуулахгүй, "дүлий дүмбэ" сууж байна вэ?

Зардлын хэтрэлт болон далд уурхайн ашиглалтад орох хугацааны саатлаас үүдэж монголчуудын хүртэх ёстой байсан баялаг, алдагдсан боломжийн асар их хохирлыг Засгийн газар яагаад олон улсын шүүх, арбитрын танхимд нэхэмжилж чадахгүй байна вэ гэдэг асуулт өнөөдөр хариулт шаардаж байна.