Олон нийтийн сүлжээнд “Дэлхийн тэрбумтан Билл Гейтс аймгийн ИТХ-ын дарга Алданыш Бегарыстай уулзаад: Би Баян-Өлгийд 1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийе. Монгол Улсынхаа баруун хязгаарыг хөгжүүлэхийн төлөө Баян-Өлгийчүүд ээ, та нар ч бас хичээгээрэй гэж захисан гэнэ лээ” гэх тайлбартай пост, зураг тархаж олон нийтийг төөрөгдүүлээд байна.
Зургийг хиймэл оюун ухаанаар (AI) бүтээсэн
Уг постонд ашигласан зураг нь бодит фото зураг биш бөгөөд Хиймэл оюун ухаан (AI) ашиглан үүсгэсэн хуурамч зураг болох нь тогтоогдсон.
Албан ёсны эх сурвалжийн мэдээлэлд байхгүй
Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (ИТХ), Засаг даргын Тамгын газар болон бусад албан ёсны эх сурвалжийн мэдээллийн сувагт Билл Гэйтстэй уулзалт хийсэн, эсвэл 1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт авах тухай яригдсан ямар ч мэдээлэл, шийдвэр байхгүй байна.
FACTCHECK:
Шалгасан мэдээлэлд хавсаргасан зургийг хиймэл оюун ухаанаар бүтээсэн болон засвар оруулсан зураг, бичлэг шалгадаг hivemoderation хэрэглүүрээр шалгахад 65.3% хиймэл оюун ухаанаар бүтээсэн гэсэн үр дүн гарлаа.

Цаашлаад хиймэл оюунаар бүтээсэн контентыг таних sightengine хэрэглүүрийг ашиглахад 99%-тай хиймэл оюун ухаанаар бүтээсэн гэсэн үр дүн гарлаа.
Уг мэдээлэл нь иргэдийн хандалтыг авах зорилгоор хиймэл оюун ухаанаар эвлүүлж хийсэн ор үндэсгүй, хуурамч мэдээлэл болно. Иймд олон нийтийн сүлжээнд явж буй баталгаагүй, сенсацитай мэдээлэлд хөнгөн хуумгай итгэхгүй байж, зөвхөн албан ёсны эх сурвалжаас мэдээлэл авч байхыг анхааруулж байна.





