УБТЗ: Түлш, шатахууны тээвэрлэлт саатаагүй, шуурхай хийгдэж байна

Сүүлийн өдрүүдэд цахим орчинд ОХУ-аас Монгол Улсад нийлүүлэгдэж буй түлш, шатахууны тээврийг “Улаанбаатар төмөр зам” ХНН шуурхай татан авахгүй байна гэх утга бүхий мэдээлэл түгэх болсон. Тэгвэл уг мэдээлэл нь бодит байдалд нийцэхгүй, үндэслэлгүй болохыг “Улаанбаатар төмөр зам” ХНН-ээс албан ёсоор мэдэгдлээ.

Түлш, шатахууны импортын тээвэр нь нийгэм, эдийн засгийн өндөр ач холбогдолтой, хариуцлагатай ачаанд тооцогддог. Иймд УБТЗ-аас импортын нефтийн бүтээгдэхүүнийг хилээр орж ирсэн даруйд нь шуурхай тээвэрлэх ажлыг холбогдох байгууллагуудтай хамтран тасралтгүй зохион байгуулж байгаа юм.

Түлшний татан авалтын тоон мэдээлэл:

  • 8 дугаар сарын 1-нээс 10-ны хооронд: ОХУ-аас нийт 932 вагон нефтийн бүтээгдэхүүнийг хүлээн авч, амжилттай тээвэрлэжээ.

  • 8 дугаар сарын 10-ны 17:00 цагийн байдлаар: ОХУ-ын төмөр замын Наушки өртөөнд ердөө 8 вагон АИ-92 бензин, 2 вагон дизелийн түлш байсан байна.

Эдгээр тоо баримтаас харахад түлш, шатахууны хомсдол нь “Улаанбаатар төмөр зам” ХНН-ээс шалтгаалсан гэх тайлбар нь үндэслэлгүй бөгөөд олон нийтийг төөрөгдүүлсэн худал мэдээлэл болохыг төмөр замын байгууллагаас анхааруулж байна.

Иймд иргэд, олон нийт болон хэвлэл мэдээллийн байгууллагуудыг аливаа мэдээллийг зөвхөн албан ёсны эх сурвалжаас нягтлан авч, баталгаагүй болон ташаа мэдээллийг түгээхгүй байхыг хүсэв.