• Нүүр
  • Мэдээний өрөө
  • COP17: Азийн хөгжлийн банк газрын доройтол, цөлжилттэй тэмцэхэд 2 тэрбум ам.доллар хүртэлх санхүүжилт зарлалаа

COP17: Азийн хөгжлийн банк газрын доройтол, цөлжилттэй тэмцэхэд 2 тэрбум ам.доллар хүртэлх санхүүжилт зарлалаа

Улаанбаатар хотноо үргэлжилж буй Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын (COP17) Дээд түвшний уулзалтын үеэр Монгол Улсын манлайлан дэвшүүлсэн “Бэлчээрийн тэргүүлэх санаачилга” (Rangelands Flagship Initiative) албан ёсоор эхэллээ. Дэлхийн 196 улс болон Европын Холбооны төлөөлөгчид чуулж буй энэхүү хурлаас гарч буй бодит үр дүнгүүдийн нэг нь бэлчээр, газрын нөхөн сэргээлтэд чиглэсэн томоохон санхүүжилтүүд юм.

Бэлчээрийн тэргүүлэх санаачилга бодит хөрөнгө оруулалттай холбогдов

Монгол Улс 2023 оноос эхлэн НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенц (UNCCD) болон олон улсын түнш байгууллагуудтай хамтран уг санаачилгыг хөгжүүлж ирсэн бөгөөд COP17 хурлын хүрээнд дэлхийн хэмжээнд албан ёсоор хэрэгжүүлж эхэллээ. Энэхүү санаачилга нь бэлчээрийг хамгаалах, тогтвортой ашиглах, нөхөн сэргээх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилготой ба дараах үндсэн гурван чиглэлд хэрэгжинэ:

  1. Мэдлэг, мэдээлэл солилцоо

  2. Хөрөнгө оруулалтын механизм

  3. Институцийн хамтын ажиллагаа

2 тэрбум ам.долларын FIELD санаачилга

Уг санаачилгын хүрээнд Азийн хөгжлийн банк (АХБ) болон олон улсын түншүүд FIELD (Financing Investments and Eradicating Land Degradation and Desertification) хөтөлбөрийг зарлалаа. Энэхүү хөтөлбөрөөр дамжуулан Ази, Номхон далайн бүс нутагт газрын доройтол болон цөлжилттэй тэмцэхэд чиглэсэн санхүүжилтийг 2 тэрбум ам.доллар хүртэл нэмэгдүүлэн ажиллахаа мэдэгдэв.

Энэ нь бэлчээр болон газрын нөхөн сэргээлтийг зөвхөн байгаль орчны асуудал бус, хүнсний аюулгүй байдал, малчдын амьжиргаа, уур амьсгалын тэсвэржилт, биологийн олон янз байдал болон стратегийн хөрөнгө оруулалт хэмээн үзэх олон улсын шинэ чиг хандлагыг баталгаажуулж байна. Бэлчээрийн асуудлыг дэлхийн бодлого, санхүүжилтийн түвшинд гаргасан Монгол Улсын санаачилга ийнхүү бодит хөрөнгө оруулалтын эх үүсвэртэй холбогдсон нь COP17 хурлаас үлдэх хамгийн чухал үр дүнгүүдийн нэг болж байна.