Үр хүүхдийнхээ аюулгүй байдлын төлөө хүн бүр хариуцлагатай, сонор сэрэмжтэй байх цаг үе ирээд байгааг Ерөнхий сайд Н.Учрал албан ёсоор санууллаа.
Төв аймгийн Заамар суманд гурван настай охин уурхайн өрөмдлөгийн цооногт унаснаас хойш хэдийнэ 48 цаг өнгөрч, онцгой байдлын алба хаагчид болон аврагчид хоёр шөнө, гурван өдрийн турш тасралтгүй ажиллаж байна. Цаг минут тутамд мэдээллийг хүлээн авч буй Ерөнхий сайдын хувьд, дөрвөн хүүхдийн эцэг хүний үүднээс ч сэтгэл зовж, зүрх шимширсэн хүнд хэцүү өдрүүд өнгөрч байгааг тэрбээр хуваалцсан юм. "Эсэн мэнд байгаасай, ээж аавдаа тэврүүлээсэй" хэмээн залбирч буйгаа илэрхийлэхийн зэрэгцээ Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн өмнөхөн тохиож буй энэхүү харамсалтай үйл явдал нь Монгол Улсад хүүхдийн аюулгүй байдал ямар түвшинд байгааг тод томруун харуулж байна гэдгийг онцлов.
Хүүхдийн төлөө зөвлөлийн 100 хувийн хангалтгүй биелэлтийг шахаж ажиллана
Монгол Улсын Ерөнхий сайд бөгөөд Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн даргын хувьд тэрбээр Хүүхдийн төлөө зөвлөлийн хурлыг шуурхай зарлан хуралдуулжээ. Өмнөх хугацаанд тус зөвлөлөөс өгсөн үүрэг даалгавруудын биелэлт бараг 100 хувь хангалтгүй байсан тул энэ удаагийн хурлаар биелэгдээгүй үүрэг даалгавруудыг дахин шахаж шаардан биелүүлэх, шаардлагатай дараагийн арга хэмжээнүүдийг авахаар шийдвэрлэсэн байна. Энэхүү шийдвэрийн биелэлтэд Ерөнхий сайдын зүгээс хатуу хяналт тавьж ажиллахаа мэдэгдлээ.
Уурхайн өрөмдлөгийн цооногт хүүхдээр тогтохгүй хүн унана гэдэг нь санамсаргүй тохиолдол огтоос биш юм. Энэ нь хууль дүрэм мөрддөггүй, стандартыг барьдаггүй, хяналт сул, хамгийн гол нь хүүхдийн аюулгүй байдлыг сахин хамгаалах үүрэг хариуцлагатайн илрэл гэж дүгнэж болно. Манай улсад сахилга хариуцлагагүйн зуд нүүрлэж, хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдсанаас үүдэн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан гэнэтийн золгүй явдлуудын тоо жил ирэх тусам өсөж байгааг Ерөнхий сайд шүүмжилсэн юм.
Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хуулийн шинэ төслийг өргөн барив
Үүнтэй холбогдуулан тэрбээр ажлаа авсан даруйдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийг шинээр боловсруулж, шинэ стандартыг нэвтрүүлэн, урьдчилан сэргийлэх зорилготой эрх зүйн орчныг бүрдүүлэхээр ажиллаж эхэлсэн байна. Энэхүү ажлын хүрээнд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өнөөдөр Улсын Их Хурлын даргад өргөн мэдүүллээ.
Ерөнхий сайдын хатуу анхааруулга: Цаашид Монгол Улсын хэмжээнд стандартыг барьж, хариуцлагаа ухамсарлаж ажиллахыг бүх шатанд шахаж шаардах болно.
Уул уурхайн олборлолт явуулж байгаа бүх талбарт улсын хэмжээний төлөвлөгөөт бус үзлэг шалгалтыг явуулж, бүх аймаг, сумын Засаг дарга болон төрийн байгууллагуудад илэрсэн зөрчил дутагдлыг нэн даруй арилгахыг даалгажээ. Ерөнхий сайдын албан даалгаврыг есөн чиглэлээр өгсөн бөгөөд уул уурхайн үйл ажиллагаанд байгаль орчин, хүний аюулгүй байдлыг хангах арга хэмжээний тухай хугацаатай үүрэг даалгавруудыг холбогдох албан тушаалтнуудад хүргүүлсэн байна.
Хариуцлага алдсан албан тушаалтнууд болон компаниудад авах арга хэмжээ
Энэхүү үүрэг даалгаврын хүрээнд байгаль орчны менежментийн төлөвлөгөөг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдаас аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдад хүргүүлж, дараах хатуу арга хэмжээнүүдийг авахаар тусгажээ:
-
Албан хаагчдад: Аюулгүй байдал, стандартыг хангах ажлаа хариуцлагагүй хийсэн холбогдох шат шатны албан хаагчдад хатуу хариуцлага тооцох;
-
Аж ахуйн нэгжүүдэд: Уул уурхайн салбарт тусгай зөвшөөрөл авчихаад үйл ажиллагаа явуулж буй компаниудын тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэлх шаардлагатай арга хэмжээнүүдийг авахыг даалгасан байна.
Төлөвлөгөөт бус шалгалтууд улс орон даяар өрнөнө
Анх Засгийн газар байгуулагдсаны дараа төлөвлөгөөт 9,000 гаруй шалгалт байснаас эрүүл мэнд, байгаль орчны чиглэлийн хяналт шалгалтуудад улсын байцаагч нар илүү анхаарал хандуулах шаардлагатай гэж үзсэн байна. Иймд хүний эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах зорилгоор эрүүл мэнд, байгаль орчны салбарын хяналт шалгалтыг идэвхжүүлэх үүрэг даалгавар өгчээ. Өнөөдрийг хүртэлх хугацаанд эрүүл мэнд, байгаль орчны салбарт хийгдсэн хяналт шалгалтын ажил хангалтгүй байсан гэж дүгнэж болохоор байна.
Дулааны улирал эхэлж байгаатай холбогдуулан зөвхөн уул уурхай гэлтгүй барилга, замын ажил идэвхжиж байгаа тул улсын хэмжээнд нэгдсэн үзлэг шалгалт зохион байгуулахаар Ерөнхий сайдын албан даалгаварт тусгажээ. Аймаг, нийслэл, сумын Засаг дарга нар болон Засгийн газрын яам, агентлагуудад бүх шатанд төлөвлөгөөт бус улсын үзлэг зохион байгуулж, шаардлагатай арга хэмжээнүүдийг авч ажиллахаар шийдвэрлэсэн байна.
Монголын төр, бүх байгууллага, компаниуд хууль стандартыг чанд сахиж мөрдөн, үр хүүхдийнхээ сурч боловсрох, амьдрах эрх, аюулгүй байдлын төлөө өндөр үүрэг хариуцлагатай, сонор сэрэмжтэй ажиллах цаг үе ирээд байна. Тиймээс Ерөнхий сайдын хувьд бүх шатны албан хаагчдыг хүүхдийнхээ төлөө, хүний эрүүл мэнд, аюулгүй байдлын төлөө хариуцлагатай ажиллахыг шахаж шаардан, сануулж байна





