ЭХЭМҮТ-ийн Эх барих, эмэгтэйчүүдийн төрөлжсөн мэргэжлийн зөвлөх эмч, АУ-ны доктор, клиникийн профессор, зөвлөх эмч Ч.Мөнхбаяр гурав хоногийн өмнө төрөхийн хүндрэл үүссэн эхийн амийг аварчээ. Энэ түүний хувьд төрөхийн хүндрэлээс эхийн амийг аварсан 301 дахь тохиолдол гэнэ. Энэ талаараа өөрийн цахим хуудастаа:
“Энэ удаагийн ээлжит алсын дуудлага 05 сарын 06 ны шөнийн нэг цагаас хотоос хөдөлж 500 гаруй километр газарт 120 км/цаг хурдтай давхисаар нэгэн аймгийн сэхээний тасагт байгаа төрөх үедээ маш их хэмжээний цус алдаж хүндэрсэн ба мэс засал хийсэн ч цус тогтохгүй үргэлжилж байсан эхэд давтан мэс засал (релапаротоми) хийж амжилттай цус тогтоогоод нэгэн эхийн алтан амийг аварч 3 хөөрхөн үрд ээжтэйгээ амьдрах хувь заяаг бэлэглэх асар хариуцлагатай хүнд хэцүү бөгөөд мэргэжлийн ур чадвар, авхаалж самбаа, туршлага шаардсан нэг хором, нэг мм хэмжээс алдаж болохгүй ажил байлаа" хэмээн бичжээ.
Мэс засал гурван цаг орчим үргэлжилсэн байна. Мэс заслаа амжилттай гүйцэтгэсэн багт ЭХЭМҮТийн эрчимт эмчилгээ сэхээн амьдруулахын эмч Б.Энхжаргал, алсын түргэний жолооч Батзаяа болон бусад баг бүрэлдэхүүн ажилласан гэлээ.