NTV” телевизийн сэтгүүлч Б.Оюунжаргал “Үнэний төлөө” шагнал хүртлээ

Глоб Интернэшнл Төв-өөс олгодог сэтгүүл зүйн нэр хүндтэй, үнэ цэнтэй “Үнэний төлөө” шагналын эзнээр “NTV” телевизийн сэтгүүлч Б.Оюунжаргал тодров. Тэрээр, Улиастайн уулзвараас Налайхын чиглэлийн замд аюулгүй байдлыг хангаагүйгээс удаа дараа хүний эрүүл мэнд хохирсон асуудлыг сурвалжлан олон нийтэд хүргэсэн юм. Ийн сурвалжилсны үр дүнд тус замд Нийслэлийн Замын Хөгжлийн Газраас хурд сааруулагч суурилуулсан. Цаашид гэрлэн дохио, гүүрэн гарц хийлгэх шийдэлд хүрсэн байна.  

 

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 08-ны өдөр тухайн замд 12 настай хүү дайруулсан осол гарсан. Ослын улмаас хүү толгойдоо гэмтэл авч, шилбэ нь хугарсан. Тухайн хүүгийн осолд орсон байршилд өмнө нь 2024 онд 2 хүүхэд 1 том хүн автомашинд дайруулж байсан. Энэ мэт хүний эрүүл мэнд хохирч байгаа асуудлыг сурвалжилсан юм.

20.9 километр үргэлжлэх Улиастайн уулзвараас Налайх хүртэлх автозамд 2021 онд 5 гүүрэн гарц барихаар яригдсан байдаг ч өнөөдрийг хүртэл ажил хэрэг болоогүй байгаа юм.