Дээрхийн Гэгээнтэн XIV Далай лам Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсон Гомбожавын Занданшатарт баярын захидал илгээжээ.
“Би 1979 онд анх удаа танай оронд зочлох завшаан тохиож байсан. Тэр аялал болон дараа дараагийн айлчлалууд надад үргэлж дулаахан дурсамж үлдээдэг. Монголчуудын хүнлэг, энэрэнгүй зан чанар, уламжлал соёлоо хадгалахыг эрмэлздэг хичээл зүтгэлийг онцлох нь зүйтэй. Монголын ард түмэн, ялангуяа залуу үеийнхэн уламжлалт Буддын сургаалыг орчин цагийн боловсролтой уялдуулан хөгжүүлэхийг эрмэлзэж буй нь надад урам өгдөг”.
Мөн тэрээр Буддын шашин нь зөвхөн шүтлэг төдий бус, энэрэнгүй сэтгэл, нигүүсэл, үл хүчирхийлэл хэмээх нийт хүн төрөлхтөнд хамаарах суурь үнэт зүйлсийг тээж байдаг учир хүн бүхэнд эерэг нөлөө үзүүлж чадна” хэмээжээ. Монгол улсын ардчилал, боловсрол, эдийн засаг зэрэг бүхий л салбар ахицтай байгааг онцлон сайшааж “Хөгжил дэвшил гэдэг нь ядуу, дорой иргэдийн амьдралыг бодитоор сайжруулж чадаж байж л утга учиртай болдог” гэдгийг онцлон бичсэн байна. Захидлынхаа төгсгөлд тэрээр Г.Занданшатарт хандан Монголын ард түмний хүсэл тэмүүлэл, итгэл найдварын төлөөх их үйлсэд амжилт хүсэн ерөөл дэвшүүлсэн байна.