2026 оны төсөв: Таналт ба хөрөнгө оруулалтын хоёр туйл
Засгийн газар 2026 оны төсвөө өргөн барьж, төсвийн зарлагыг өмнөх оноос 2.3 их наядаар танах бодлогоо зарлалаа. Таналттай зэрэгцэн эрүүл мэнд, боловсрол, эрчим хүчний салбарт урьд өмнө байгаагүй хэмжээний хөрөнгө оруулалт хийхээр болсон нь онцлог байв.
Эрүүл мэндэд эрс шинэчлэл
Эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалт 1.3 их наяд төгрөг болж, өмнөх оныхоос тав дахин өсөв. Үүгээр:
- Хавдар судлалын үндэсний төв II баригдана.
- Хавдрын робот мэс заслын төхөөрөмж худалдан авна.
- Зүрх судасны үндэсний төв шинээр байгуулна.
- Гэмтэл согог судлалын үндэсний төвд их засвар хийнэ.
- Эд, эс эрхтэн шилжүүлэн суулгах төв байгуулна.
- Булган аймагт 100 ортой нэгдсэн эмнэлэг, 17 аймагт яаралтай түргэн тусламжийн төв шинээр баригдана.
- 19 шинэ эмнэлэг ашиглалтад оруулах бөгөөд тоног төхөөрөмжийн шинэчлэлд 49.7 тэрбум төгрөг зарцуулна.
Боловсролын салбарт дэмжлэг нэмэгдэв
Боловсролын салбарын хөрөнгө оруулалт 1 их наяд төгрөг болж, өмнөх оныхоос хоёр дахин өсжээ. Үүгээр:
- 73 цэцэрлэг, 117 сургууль, 32 дотуур байр барина.
- 66.7 тэрбум төгрөгөөр сургалтын тоног төхөөрөмж шийднэ.
- Багш нарын нийгмийн асуудлыг шийдэхэд 100 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлнэ.
Эрчим хүч: Мега төслүүдийн жил
Эрчим хүчний салбарт 3.9 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт төлөвлөж, үйлдвэрлэлийг 3000 МВт-аар нэмэгдүүлэх, импортын хараат байдлыг 664 МВт-аар бууруулах зорилт тавьжээ. Энэ хүрээнд 14 мега төслийг 2026 оноос эхлүүлэхээр төлөвлөсөн байна.
Зээлжих зэрэглэл ба төсвийн итгэлцэл
Сангийн сайд Б.Жавхлангийн хэлснээр, Монгол Улсын зээлжих зэрэглэл B+ түвшинд хадгалагдаж буй нь “олон улсын зах зээлд Монголын эдийн засгийн төлөв боломжийн сайн” гэсэн дохио гэнэ.
Төрийн гурван өндөрлөгийн төсөв буурлаа
Төсөв танах бодлого төрийн гурван өндөрлөгийн төсөвт ч тусжээ.
- Ерөнхийлөгчийн багц – 33.6 тэрбум (өмнөх оныхоос 4 тэрбумаар бага)
- Их хурлын даргын багц – 158.9 тэрбум (өмнөх оныхоос 12 тэрбумаар бага)
- Ерөнхий сайдын багц – 370.7 тэрбум (өмнөх оныхоос 256 тэрбумаар бага)
Дүгнэлт
2026 оны төсөвт таналт, хөрөнгө оруулалт зэрэгцэн орж ирлээ. Нэг талд нь төрийн өндөрлөгөөс эхлээд хэмнэлт хийж буй бол нөгөө талд эрүүл мэнд, боловсрол, эрчим хүч гэх нийгмийн тулгуур салбаруудад түүхэн дэх хамгийн том хөрөнгө оруулалтыг хийхээр шийдвэрлэжээ.
Гэвч зарим шинжээчийн онцолсноор, төсвийн зарлагаа бууруулж буй хэрнээ мега бүтээн байгуулалт эхлүүлэх нь эдийн засгийн ачааллыг нэмэгдүүлэх эрсдэлтэй. Тиймээс бодлогоо хэрэгжүүлэх явцад үр ашиг, ил тод байдлыг хангах нь нийгмийн итгэлийг хадгалах гол сорилт болох юм.
Мөн 90 сая тонн нүүрсийг тонн тутмыг нь 70 доллараар экспортлохоор тооцож ирэх оны орлогыг тооцсон. БНХАУ-ын худалдан авалтаас шууд хамааралтай манай улс ийм хэмжээний экспорт хийх үү гэдэг нь анхаарал татна