УХТЭ-ийн таван хүний бүрэлдэхүүнтэй баг “Зүрхний титэм судасны хүнд хэлбэрийн нарийсал, судасны дисплази эмчилгээ”-г Монгол Улсад нутагшуулах зорилгоор БНХАУ-ын Шанхай хотод суралцаад иржээ. Түүнчлэн, УХТЭ-ийн, зүрх судас судлалын тасагт дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн IVUS+NIRS дүрс оношилгооны төхөөрөмжийг ашиглалтад орууллаа. Уг дэвшилтэт технологийг УХТЭ-д нэвтрүүлснээр Титэм судасны дисплази эмчилгээг ОУ-ын стандартын дагуу хийж гүйцэтгэх, хүндрэл болон нас баралтыг бууруулах, Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй титэм судасны хүнд зэргийн нарийслыг эмчлэх, гадаад улс руу эмчилгээний шаардлагаар зорих урсгалыг багасгах ач холбогдолтой юм. Мөн зүрхний судасны дотуурх мэс заслын (PCI) эмчилгээг нотолгоонд суурилан илүү нарийвчлалтай гүйцэтгэх боломжийг нээж, салбарын хөгжилд шинэ хуудсыг эхлүүлж байна.



Эмчилгээний үр дүн, чанарын хувьд IVUS-гаар чиглүүлсэн стент суулгалт нь зөвхөн ангиографид суурилсан аргаар хийснээс 3 жилд зорилтот судасны бүтэлгүйтлийг 38–45 %-иар бууруулсан болохыг ULTIMATE гэх мэт рандомчлогдсон туршилтууд харуулсан. Мөн 22 RCT-ийн мета-шинжилгээнд IVUS/OCT-д суурилсан PCI нь зүрхний шалтгаант нас баралт, дахин судас тэлэх хэрэгцээг мэдэгдэхүйц багасгасан дүн гарчээ. Эдгээр шинжлэх ухааны нотолгоо нь УХТЭ-ийн шинэ төхөөрөмжийг ашигласнаар манай улсын зүрх судасны энэ төрлийн эмчилгээ шаардлагатай өвчтөнд дэлхийд батлагдсан стандартын үр дүнтэй эмчилгээг үзүүлэх нөхцөл бүрдэж байна.