• Нүүр
  • Мэдээний өрөө
  • "Бүлэглэлүүдтэй тэмцэж, Туулын хурдны замын бүтээн байгуулалтыг урагшлуулна"

"Бүлэглэлүүдтэй тэмцэж, Туулын хурдны замын бүтээн байгуулалтыг урагшлуулна"

Х.Нямбаатар: Улаанбаатарыг түгжрэлгүй болгох зорилгоосоо нэг алхам ч ухрахгүй

Туулын хурдны зам тойрсон асуудлууд олны анхаарлыг татаж, багагүй маргаан дагуулаад байна. Үүнтэй холбогдуулан Хотын дарга Х.Нямбаатар өөрийн байр сууриа илэрхийлжээ.

Хотын дарга хэлэхдээ: "Нам дамнасан, асар их санхүүжилт, эрх мэдэлтэй, олон нийтийн сүлжээг бүхэлд нь худалдаж авсан бүлэглэлтэй тэмцэж, их бүтээн байгуулалтуудыг урагшлуулахын төлөө зүтгэж байгаагаа нийслэлчүүддээ сонордуулж байна. Туул голын хурдны замын Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ өнгөрсөн жил бүх мэргэжлийн байгууллагуудаар батлагдсан" хэмээн онцлов.

Тэрээр тендер болон санхүүжилтийн талаар:

  • Тендер: Гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийг 3 удаа зарлаж, хамгийн сайн санал өгсөн, туршлагатай компанийг хуулийн дагуу сонгосон.

  • Урьдчилгаа төлбөр: Гүйцэтгэгч байгууллагад хуульд нийцүүлэн банк, даатгалын баталгааг нь үндэслэн урьдчилгаа төлбөрийг олгосон.

  • Санхүүжилт: Төслийг хугацаанд нь ашиглалтад оруулахын тулд цаашид санхүүжилтийг гүйцэтгэлээр нь шуурхай олгох зарчмаар ажиллана.


Ардчилсан нам болон сөрөг хүчний зарим төлөөллүүд уг төслийг зогсоох шаардлага тавьж буйг тэрээр "ард иргэдээ боддоггүй, хийрхсэн улс төр" хэмээн тодорхойллоо. Ардчилсан намын 2024 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт "Туулын зам"-ыг тусгасан атлаа өнөөдөр ийнхүү эсэргүүцэж байгааг "ямар ч шинжлэх ухааны үндэслэлгүй, муйхар шаардлага" гэж шүүмжлэв.

Мөн тэрээр: "Манай намын зарим бүлэглэл 'Туул голын зам тавигдвал Нямбаатарын улс төрийн карьер дийлдэхгүй' гэсэн айдсаасаа болж асар их хөрөнгө хүч хаяж, хөлсний жагсагчид болон сошиал багуудыг ажиллуулж байна. Надад та бүгдийн бодож байгаа шиг элдэв хувийн амбиц алга. Надад ганцхан амбиц бий. Тэр нь Улаанбаатарыг түгжрэлгүй, утаагүй болгох явдал юм" хэмээжээ.


"Миний бие нэг ч алхам ухрахгүй"

Нийслэлийн Засаг дарга өөрийн гэр бүл, үр хүүхэд рүү нь чиглэсэн дайралт эхэлснийг дурдаад, бүлэглэлүүдийг улс орны хөгжил, ард түмний эрх ашгийг нэн тэргүүнд тавихыг шаардав.

"Яг нэг жилийн өмнөх технологиор үр хүүхэд рүү минь хүртэл дайрч эхэллээ. Та нар эрх мэдэл, хөрөнгөө хамгаалахын тулд ямар их улайрч байна вэ. Улсын хөгжил, ард түмний эрх ашгаа бага боловч бодооч ээ. Миний бие Улаанбаатарчуудад амалсан түгжрэл бууруулах зорилгоосоо нэг ч алхам ухрахгүй" гэж мэдэгдлээ.