Хүйтний улирлыг угтан томуу, томуу төст өвчин болон түүний хүндрэлээс сэргийлэх зорилгоор тухайн жилийн вирусийн идэвхжилд тохирсон 4 цэнт томуугийн вакциныг улс даяар зорилтот бүлэгт үнэ төлбөргүй, бусад иргэдэд сайн дурын үндсэн дээр хийж байна.
УБТЗ-ын Төв эмнэлэг нь 2026 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс БНСУ-ын SkyCellflu нэрийн 4 цэнт вакцинаар сайн дурын дархлаажуулалт хийж эхлээд байна.
Тус вакцин нь ДЭМБ-ийн зөвлөмжинд нийцсэн 2026-2027 оны улирлын хамгийн сүүлийн омгийг агуулсан бөгөөд 6 сараас дээш насны бүх хүн, өндөгний харшилтай хүн ч хийлгэж болохоороо онцлогтой сайн чанарын вакцин юм. Вакцин хийлгэх боломж болон тухайн хүний эрүүл мэндийн байдлыг эмч үзэж, үнэлнэ.
Вакцин хийлгэхийн өмнө анхаарах зүйлс: Сүүлийн 1 сарын дотор өөр ямар нэг вакцин хийлгээгүй байх, мөн сүүлийн 1 сарын дотор өөр халдварт өвчнөөр өвдөөгүй байх, одоо халуурч, ханиалгаж, суулгах шинж илрээгүй зовиургүй байх. Мөн өмнө нь вакцин хийлгэсний дараа хүнд хэлбэрийн харшлын урвал илэрч байсан эсэх болон бусад харшлын түүхээ эмчид заавал мэдээлнэ
Хориглох заалт: Өмнө нь томуугийн вакцин хийлгэсний дараа хүнд харшлын урвал өгч байсан бол, мөн өндөр халууралттай (38C-ээс дээш) хурц халдварт өвчний үед түр хойшлуулна.
Улирлын томуугийн вакцинд хамрагдах нь халдвар болон хүндрэлээс сэргийлэхэд чухал ач холбогдолтой.
УБТЗ-ын Төв эмнэлэгт томуугийн вакцин хийлгэх иргэд:
08:00–15:00 цагийн хооронд цахим бүртгэлээр 65,000 төгрөгийн төлбөр төлж, Халдвартын кабинетэд хандана уу.
Улирлын томуугийн вакцин нь томуугаар өвчлөх болон өвчилсөн тохиолдолд хүндэрч, хатгалгаа зэрэг хүндрэл үүсэх эрсдэлийг бууруулахад тусална. ДЭМБ-аас улирлын томуугийн вакцинжуулалтыг ялангуяа хүндрэх эрсдэл өндөртэй бүлгүүдэд чухал ач холбогдолтой гэж зөвлөдөг.





