БНСУ-ын Goyang хотын Sono Arena-д зохион байгуулагдсан “Shine Cup-2025” олон улсын уран гимнастикийн тэмцээнд 10 орны 260 гаруй шилдэг тамирчид ганцаарчилсан төрөлд ур чадвараа сорилоо. Энэхүү тэмцээн нь FIG болон IFAGG-ийн стандартад нийцсэн, өндөр түвшний тэмцээн бөгөөд Ази, Европын орнуудын шилдэг гимнастикчид өрсөлдсөн юм.
Монгол Улсаас оролцсон “Монгол Алдар” сургуулийн сурагч, 12 настай Э.Амина олстой төрөлд онцгой амжилт гаргаж, 2-р байр эзэлж мөнгөн медаль хүртлээ. Энэ нь түүний хувьд олон улсын томоохон тэмцээнээс авсан хамгийн анхны медаль бөгөөд Монголын уран гимнастикийн залуу үеийнхэнд шинэ урам зориг өгч байна.
Түүний дасгалжуулагч багш “Амина маань өдөр бүр шаргуу бэлтгэл хийдэг, зорилго нь ирээдүйд Азийн АШТ болон Олимпын наадамд эх орноо төлөөлөх” хэмээн ярьжээ.
Олон улсын гимнастикийн академи, клубууд тэмцээний дараа өөрсдийн сошиал хуудсаар дамжуулан тамирчдаа урамшуулж, тэмцээний өндөр зохион байгуулалт, өрсөлдөөнтэй уур амьсгалыг онцолж байв. “Vivace Dance Academy” өөрсдийн тамирчдын амжилтыг бахархан тэмдэглэсэн бол өөр нэгэн академи:
“Back from Korea with unforgettable memories at the Shine Cup 31-2 Aug 2025… So proud of our girls for stepping onto the international competition.”
хэмээн сэтгэгдлээ хуваалцсан нь тэмцээний ач холбогдол, олон улсын түвшний өрсөлдөөн хэр өрсөлдөөнтэй байсныг харуулна.
Монголын гимнастикийн холбоо болон дасгалжуулагчид Э.Аминагийн амжилтыг сайшаан тэмдэглэж, түүнийг олон улсын түвшинд илүү их тэмцээн, сургалтанд хамруулах нь чухлыг онцолж байна.