Д. Трамптай уулзахдаа В. Зеленский 10 удаа “баярлалаа” гэж хэлжээ

2025 оны 8-р сарын 18-ны өдөр Цагаан ордны танхимд Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нарын уулзалт болж өнгөрөв. Энэ уулзалтын хамгийн содон өнгө аяс нь шинэ хэлэлцээр, томоохон баримт бичгээс илүүтэй, ганцхан үгний давтамжаар тодорсон юм. Тэр үг бол — “баярлалаа”.

Дипломатын өгүүлэмж

Уулзалтаа эхлүүлэхдээ Зеленский ар араас нь талархал илэрхийлж, товчхон үг хэлсэн ч дотор нь “thank you” гэх үг нийтдээ арав гаруй удаа хэлжээ. Өгүүлбэрр бүр бараг “баярлалаа”-гаар эхэлж, “баярлалаа”-гаар дуусч байлаа. Харахад энгийн мэт боловч энэ нь дипломат харилцааны нарийн дохио байв.

Өмнөх, 2025 оны хоёрдугаар сард болсон уулзалтад Зеленский нэг ч удаа “баярлалаа” гэж дурдаагүй нь Трампын ойрын хүрээллийнхний зэвүүцлийг төрүүлсэн. АНУ-ын Дэд ерөнхийлөгч Вэнс хүртэл “Та тэр үед ганц ч удаа баярласнаа хэлээгүй” хэмээн егөөдсөн нь тухайн үеийн харилцааг илтгэнэ. Тэгвэл энэ удаад Украины Ерөнхийлөгч илтгэлийнхээ хэмнэлийг талархлын аялгуугаар бүтээн, өмнөх алдаагаа дипломат ёсоор залруулсан нь тодорхой.

Давталт бол хүч

Уран илтгэлийн ухаанд нэг үгийг олон давтах нь зүгээр нэг үйлдэл бус, сэтгэл зүйн баталгаа өгөх, сэтгэгдэл үлдээх арга. Зеленский “баярлалаа” гэж дахин дахин хэлснээр, тэр зөвхөн Трампад талархсан төдий бус, Америкийн ард түмэнд, Конгрессын танхимд, цаашилбал, бүх холбоотон орнуудад хандан “Украин АНУ-ын дэмжлэгийг хэзээ ч мартдаггүй” гэсэн дохиог илгээжээ.

Талархлын ард буй бодлого

Энэ бүхний цаана хатуу тооцоотой бодлого оршиж байв. Украины хувьд АНУ-ын цэргийн болон санхүүгийн тусламж амин чухал хэвээр. Тиймээс “баярлалаа” гэх ганцхан үг арван удаа давтагдсан нь гагцхүү соёлын эелдэг зан биш, харин улс орны ирээдүйд хэрэгтэй баталгааг олж авах гэсэн дипломат алхам байсан юм.