• Нүүр
  • Мэдээний өрөө
  • The MongolZ дэлхийн аваргын тэмцээний шөвгийн дөрөвт шалгарсан анхны Ази баг боллоо

The MongolZ дэлхийн аваргын тэмцээний шөвгийн дөрөвт шалгарсан анхны Ази баг боллоо

The MongolZ баг дэлхийн цахим спортын тавцанд Азийг төлөөлөн түүхэн амжилт тогтоолоо. Тэд 1.25 сая ам.долларын шагналын сантай Blast TV Austin 2025 Major буюу Counter-Strike: Global Offensive (CS:GO) -ийн Дэлхийн аваргын тэмцээнд шөвгийн дөрөвт шалгарсан анхны Азийн баг болж, олон улсад Монголын нэрийг дахин тод бичүүлэв.

The MongolZ баг Америкийн талбайд, Moody Center хэмээх 15,000 хүний суудалтай спорт цогцолборт, нутгийн багийг өөрийн үзэгчдийнх нь өмнө буулган авсан тэр мөчид зөвхөн АНУ-ын үзэгчид биш, дэлхий даяар нийт 1.5 сая хүн шууд дамжуулалтаар энэ тоглолтыг шимтэн үзэж байв.

 Албан ёсны тоо баримтаас үзвэл, энэхүү шууд дамжуулалтын үзэгчийн тоо хэдийнэ Монгол Улсын хүн амын талтай тэнцэж байна. Харин YouTube болон бусад платформоор дамжуулан үзсэн нийт үзэгчдийн тоог гаргавал Монголын нийт хүн амаас давсан хандалт бүртгэгдээд байгаа юм.

The MongolZ бол зүгээр нэг тоглогчид биш. Тэд бол мэргэжлийн тамирчид, дэлхийн цахим спортын тайзанд Монголын залуус амжилт гаргаж чадна гэдгийг баталсан амьд жишээ юм. Дуртай зүйлдээ тууштай хандаж, уйгагүй хөдөлмөрлөсөн залуусын энэ амжилт Монголын шинэ үеийн залууст “Өөртөө итгэвэл дэлхий чамд нээлттэй” гэдгийг бодитоор харууллаа.

The MongolZ баг тэмцээний шөвгийн дөрөвт шалгарч, дараагийн шатанд Бразилын Pain Gaming багтай тоглохоор боллоо.