БНСУ-ын жуулчин Архангай аймагт аялж явахдаа Хоргын тогоо руу унаж нас барсан тухай цагдаагийн байгууллагаас мэдээлэв. Тухайн жуулчин хорь орчим насны эмэгтэй, youtube сувагт 90 мянган дагагчтай нөлөөлөгч нэгэн байжээ. Энэ талаар солонгосын Гадаад харилцааны яам есдүгээр сарын 7-нд мэдээлэхдээ “Эмэгтэйн нэрийг А хэмээн тодорхойлж наймдугаар сарын 28-нд Хоргын тогоо-ны галт уулын орчимд нас барсан” гэж мэдээлжээ. Үргэлжлүүлэн “Тэрээр нийгмийн сүлжээнд 90,000 дагагчтай байсан бөгөөд энэ үед аяллын төслийн бүсээр аялж байсан. Галт уулан дээр зураг авах явцад гэнэт хүчтэй салхинд хийсэж, тэнцвэрээ алдаж унасан” хэмээн мэдэгджээ. Яг ямар нөхцөл байдлын улмаас тухайн жуулчин унаж нас барсан шалтгааныг орон нутгийн байгууллагатай хамтран шалгаж байгааг Солонгосын хэвлэл мэдээллүүд нийтэлжээ.
Харин ЦЕГ-ын өгсөн мэдээллээр “Цагдаагийн байгууллагад энэ оны наймдугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн Тариат сумын нутагт байх Хоргын тогоо гэх газарт БНСУ-ын иргэн унаж нас барсан” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Амь хохирогч нь манай улсад аялал жуулчлалын шугамаар энэ оны наймдугаар сарын 20-ны өдөр ирсэн. Шалгалтын ажиллагааг Архангай аймгийн цагдаагийн газар үргэлжлүүлж байна" хэмээн мэдээлэв.