• Нүүр
  • Мэдээний өрөө
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажлыг хүргэж байна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажлыг хүргэж байна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил:
1. Бага болон дунд оврын Атомын цахилгаан станц барьж байгуулахад Росатом-тай хамтран ажиллана.
2. “Улаанбаатар төмөр зам”-ын техник, технологийг шинэчилнэ. Ирэх 5 жилд ачаа тээврийн хүчин чадлыг одоо буй 30 саяас 50 саяд хүргэхээр ажиллана.
3. Гурван улсыг холбосон босоо тэнхлэгийн төмөр замын төв коридор байгуулна. Энэхүү төмөр зам транзит тээврийн хүчин чадлыг нэмэгдүүлнэ.
4. Шатахуун тогтвортой нийлүүлнэ. Олон улсын зах зээлд нийлүүлэлт доголдолтой байгаа ч Монгол Улсын шатахууны хэрэгцээг тогтвортой хангаж, түлшний аюулгүй байдлыг баталгаажуулна.
5. ОХУ - Монгол - БНХАУ-ыг холбосон төмөр зам барих буюу баруун, зүүн коридор байгуулах боломжийг судална.
Баруун коридор буюу босоо тэнхлэгийн төмөр зам нь Монголын баруун аймгуудын эдийн засгийн хөгжлийг дэмжиж, гурван улсын худалдааны урсгалыг өргөжүүлэх бол зүүн коридор нь ОХУ болон Хятадын зүүн хойд хэсгийн боомтуудад хүрэх дөт замуудыг нээж, уул уурхайн бүтээгдэхүүнийг экспортод гаргах, бүс нутгийн эдийн засгийн тойрог сүлжээг үүсгэх ач холбогдолтой юм.
6. ДЦС-3 ын өргөтгөл, шинэчлэлийн ажлыг зохион байгуулж эрчим хүчний чадлыг нэмэгдүүлнэ.
7. Эгийн голын усан цахилгаан станцын төслийг урагшлуулна. Хоёр улсын эрдэмтэн, судлаачдын хамтарсан ажлын хэсгийн үйл ажиллагааг эрчимжүүлнэ.
8. Байгалийн хийн хоолойн төслийг урагшлуулна.
ОХУ-аас Монголын нутгаар дамжуулан БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх төслийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ.
9. ОХУ, Монгол хоёр улсын бүс нутгийн чуулганыг 9 дүгээр сарын 14-15нд Улаанбаатар хотод зохион байгуулна. Хойд хөршийн бүс нутгийн 400 гаруй зочид ирж, хоёр улсын хамтын төсөл хөтөлбөрүүдийн талаар чуулна хэмээн Ерөнхийлөгчийн Тамгын Газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.