УИХ-ын гишүүн Ж.Баярмаа 2027 оны төсвийн төсөлтэй холбогдуулан Засгийн газрын төсвийн сахилга бат, бодлогын залгамж чанарын талаар шүүмжлэлтэй байp сууриа цахим сүлжээндээ илэрхийллээ.
Тэрээр монголчуудын ”Зуны цагт өвлийг бод, залуу цагт өтлийг бод” гэх ардын уламжлалт сургаалын утга нь эдийн засгийн хэлээр "мөчлөг сөрсөн бодлого" гэдгийг онцолсон байна. Мөн Норвеги улс газрын тосны, Чили улс зэсийн нэмэлт орлогоо сайн үед нь хуримтлуулж, хүнд үедээ ашигладаг туршлагыг жишээ болгон дурджээ.
Төсвийн сахилга бат ба бодлогын залгамж чанар
Ж.Баярмаа гишүүн 2025 оны төсвийн зарлага, тэлэлтийг хязгаарлахыг шаардан эсэргүүцэж, зарим гишүүдийн хамтаар акц зохион байгуулж байсныг санууллаа. Улмаар Ерөнхийлөгч төсөвт хориг тавьснаар алдагдалгүй төсөв батлагдаж байсан юм.
Мөн Ерөнхий сайд асан Г.Занданшатар ч мөчлөг сөрсөн бодлого баримтлахаа мэдэгдэж, 2026 оны төсвийг өмнөх онуудаас бага дүнгээр батлуулан, төсвийн тэлэлтийг тодорхой хэмжээнд хязгаарлаж байсныг дурджээ.
2027 оны төсвийн тэлэлт шүүмжлэл дагуулав
Гэтэл өнөөдөр 2027 оны төсвийн зарлагыг 32.98-аас 43.6 их наяд төгрөгт хүргэж, даруй 10.6 их наядаар буюу 32 хувиар тэлэхийн зэрэгцээ 2.3 их наядын алдагдалтай байхаар төлөвлөөд байгааг тэрээр онцлон шүүмжлэв.
Тэрээр цахим хуудастаа "Засгийн газар солигдоход төсвийн сахилга бат, бодлогын залгамж чанар хамт алга болох ёстой юу? Зундаа найрлаж, өвөлдөө өр тавьдаг явдлаа хэзээ зогсоох вэ?" хэмээн бичжээ.





