Дархан-Уул аймгийн Орхон сумын нутагт Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн стратегийн хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй урилгыг 30 гаруй компанид хүргүүлснээс БНХАУ-ын таван компани санал ирүүлжээ. Сонгон шалгаруулалтын эцсийн шатанд “Beijing Jianlong Heavy Industry Group” 81.13 оноо, “Baotou Iron and Steel Group” 48.36 оноо авснаар “Beijing Jianlong Heavy Industry Group” стратегийн хөрөнгө оруулагчаар шалгарч, тус компанитай хөрөнгө оруулалтын гэрээний нөхцөлийг хэлэлцэхээр шийдвэрлэжээ.
“Beijing Jianlong Heavy Industry Group” нь төслийн хувьцааны 80-аас доошгүй хувьд мөнгөн хөрөнгө оруулж, үйлдвэрийн барилга угсралт, ашиглалтыг хариуцан, дөрвөн жилийн хугацаанд барьж байгуулах санал ирүүлсэн аж. Мөн 1800 ажлын байр бий болгож, нийт ажилтны 70 хувийг монгол иргэд бүрдүүлэх, цаашид 499 сая ам.долларын нэмэлт хөрөнгө оруулалтаар үйлдвэрийн хүчин чадлыг нэг сая тонноор нэмэгдүүлэх санал дэвшүүлсэн байна.
Тус цогцолборын урьдчилсан ТЭЗҮ-ээр нийт 806 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай бөгөөд үйлдвэр бүрэн хүчин чадлаар ажилласнаар жилд 645 сая ам.долларын борлуулалт хийх, 101.5 сая ам.долларын цэвэр ашиг олох, улсын төсөвт жил бүр 63.4 сая ам.долларын татвар төвлөрүүлэх, 1650 ажлын байр бий болгох, дотоодын нийт бүтээгдэхүүнийг 4.9 хувиар нэмэгдүүлэх, импортыг 4.8 хувиар бууруулж, экспортыг 2.3 хувиар нэмэгдүүлэх, төлбөрийн тэнцлийг 350–400 сая ам.доллароор сайжруулах боломжтой гэж тооцоолжээ.


