УИХ-ын гишүүн асан О.Баасанхүү нийгмийн сүлжээгээрээ дамжуулан ирэх Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшигчдийн талаарх таамаглалаа нийтэлсэн нь олон нийтийн анхаарлыг татаад байна.
Тэрээр "2028 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Үндэсний эвслээс Сумка (Д.Сумъяабазар), МАН-аас Зандка (Г.Занданшатар), АН-аас Цогоо (О.Цогтгэрэл) дэвших нь тодорхой болсон бололтой" хэмээн X (Twitter) хуудсандаа нийтэлжээ.
Энэхүү таамаглалтай холбогдуулан Нийслэлийн МАН-ын хорооны дарга асан Д.Сумъяабазар өөрийн албан ёсны цахим хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийллээ.
Тэрээр:
"УИХ-ын гишүүн асан О.Баасанхүү намайг 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Үндэсний эвслээс нэр дэвших магадлалтай гэх агуулгатай зүйл сошиалд бичиж, зарим сайт түүнийг нь эх сурвалжгүйгээр хуулбарлан түгээж байна. Сүүлдээ зарим сайтууд ИЗНН-аас дэвших магадлалтай ч гэх шиг. Уйддаг юм уу, яадаг юм гэдэг билүү. Би Монгол Ардын Намын гишүүн хэвээрээ. Хот хариуцсан нарийн бичгийн албан үүргээ ч хашиж байгаа. Хүний өмнөөс улс төрийн шийдвэр гаргаж, хаанаас нэр дэвшүүлэхийг нь хүртэл зарладаг шинэ ажилтай болсныг чинь мэдсэнгүй, О.Баасанхүү анд аа. Чи өөрийнхөө таамгийг хүссэнээрээ ярьж болно. Харин миний улс төрийн байр суурь, шийдвэрийг миний өмнөөс зарлах эрх чамд байхгүйг анхааруулчихъя!" хэмээн мэдэгдсэн байна.
Ийнхүү Д.Сумъяабазар нь МАН-ын гишүүнчлэл болон намынхаа хариуцлагатай албан тушаалыг хэвээр хашиж байгаагаа илэрхийлж, нэр дэвших тухай таамаглалыг эрс үгүйсгэлээ.





